Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган өнөөдөр төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Архивийн ерөнхий газар, програм хангамжийн Старсофт ХХК-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд "УДАМ МН" төслийг хэрэгжүүлж байна. Эртний соёл уламжлалаа өнөө үед сэргээхдээ мэдээллийн технологи ашиглан хөтлөх нь илүү оновчтой шийдэл юм. Старсофт компанийн залуус "Удам" төслийг санаачлан 2013 онд гар утсанд угийн бичиг хөтлөх апп хэлбэрээр зохиосон энэхүү систем нь "Удам" нэртэй болж, вэб програм бүтээгдэн хөгжиж байна.
"Удам" төсөл нь мэдээллийн технологи ашиглан олуулаа нэг овгийн хүмүүс хамтдаа угийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг нийт Монголчууддаа олгож байгаа бөгөөд Үндэсний архивын ерөнхий газартай хамтран 1933 он ба түүнээс өмнөх хүн амын тооллогын мэдээллийг цахимжуулж олон нийт ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа нь маш чухал юм.
Ийм төрлийн олон төсөл амжилттай хэрэгжснээр Монголчуудын олон зуун жилээр хөтөлж ирсэн Ургийн бичиг хөтлөх соёлыг мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан сэргээж энэхүү соёлыг хэзээ ч арилж устахгүйгээр баталгаатай хадгалж үлдээх боломж бүрдэх юм. Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цаашид "Удам МН" мэт сайн санаачилга, системүүдийг бүх талаар дэмжиж төрийн мэдээлэл солилцооны ХУР системд холбох, И-Монголиад холбох, ҮДТ байрлуулах зэргээр дэмжиж ажиллах болно" гэв.