Цагаан хад хилийн боомтод 270, гэрт 4000 жолоочийг битүүмжлэн хорьж, тээвэрт явуулахгүй байгаа талаар тээвэрчдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Тэд “Коронавирус цар тахлаас илүү цар тахал дарга нарт нүүрлээд байна. Цагаан хаданд очоод унтаад, бүгээд, сэрэхээ байсан дарга нар минь. Боомтод доод тал нь 30 хоног, дээд тал нь 180 хоносон тээвэрчид гэртээ ч ирж чадахгүй байна. Цагаан сар болох гээд байхад гэртээ ирж чадахгүй, ганц ерээс ч хийж чадахгүй тэнд байна. Хагас жилийн өмнөөс Цагаан хад ногоон боомт болсон. Ингэснээр компаниуд тээвэрчдээ татаж эхэлсэн. Тэнд очсон тээвэрчдийг Даланзадгад, Цогтцэций, Ханбогд гэх мэт сумуудад 14-21 хоногийн хугацаанд тусгаарлаж байсан. Тусгаарлагдаад PCR шинжилгээ өгөөд тэнцвэл Цагаан хад руу тээвэрчдээ оруулдаг. Хагас жилийн өмнөөс бөмбөлгийн зарчим үйлчилсэн. Тухайлбал, 10-30 орчим хүнийг нэг бөмбөлөг гэж нэрлэдэг. Ингээд нийт 150 бөмбөлөг үүссэн. Тэнд байгаа хүмүүс тоггүй, цэвэр ус ундны хангамж байхгүй. 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс гэхэд төсөөлөгдөхийн аргагүй амьдрал нөхцөл угтдаг. Энэ хүмүүсийн 90 хувь нь гэрт амьдардаг. Тог, цахилгаан байхгүй. Энэ бүхний зардалд маш их хэмжээний зарлага гардаг. Цагаан хаданд 5200 тээвэрчид байна. Жолоочдын зарлагыг тооцоолоод үзвэл өдөрт нийт 640 сая төгрөг, сарын зарлага 18 сая төгрөг болж байгаа юм.
Гэтэл энэ их мөнгийг зарцуулаад ерээс хийдэг гэхэд тийм биш. Боомтын зөвлөл нь тээвэрчдийг хаашаа явахыг шийддэг. Тухайн бөмбөлөг монгол хятадын талд дэлбэрчихгүй бол маргааш өдөр нь гарч ирдэг. Бөмбөлөг дэлбэрнэ гэдэг нь нэг жолоочоос халдвар илрэхэд тухайн бөмбөлгийг хөөгөөд гаргадаг. Тээвэр гацаад байгаа шалтгаан нь цөөхөн хэдэн хүний ашиг сонирхлын зөрчил яваад байна. Үүнийг Боомтын зөвлөл шийдэж, таньж мэддэг компанийн машинаа гаргадаг. Энэ бөмбөлөгт ороод зургаан сар гараагүй тээвэрчид байна. Үүнийг шийдэх гарч гаргалгаа бол амархан. Анх цөөхөн жолооч байсан, гэтэл 6000 тээвэрчид нэмэгдсэн. Одоо хэд хэдэн удаа тээвэрт явсан жолоочийг Цагаан хад сууршлийн бүсээс гаргаад огт яваагүй тээвэрчдийг үлдээх хэрэгтэй. Гэтэл дарга нар үүнийг зөвшөөрдөггүй. Тэнд байгаа тээвэрчдийг биш өөрсдийнхөө ашиг сонирхлыг боддог. Тиймээс бид Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан-д хандаж Замын үүд боомтод очсон шигээ Гашуун сухайт боомтод очоод энэ асуудлыг шийдэж өгөхийг шаардаж байна” гэлээ. Мөн хилийн боомтын зөвлөлд 60, 90, 100 хоногоор бөмбөлөгт оруулж чадаагүй тээвэрчдийн судалгааг жагсаалтаар гаргах, нэг ч ерээс хийгээгүй компанийн тээвэрчдийг суларсан бөмбөлөгт бүртгэх замаар шинжилгээний хувиарт оруулж, тээвэрт хамруулах, цагаан сарын баярын араас Хилийн боомтод хязгаар тогтоох нь тодорхой учир гэртээ харьж чадахгүй байгаа тээвэрчдийг гэрт нь хариулах, бөмбөлөгт орсон бүх тээвэрчдийг цахимаар бүртгэлд хамруулж, гэрчилгээ олгох, эдгээр ажлыг Шадар сайд С.Амарсайхан Гашуун Сухайт боомтод ирж хэрэгжүүлэхийг шаардлаа. Эдгээр шаардлагыг маргааш гэхэд биелүүлэхгүй бол Сангийн яамны өмнө нэг ул боовоор идээ засаад суулт зарлана гэдгээ мэдэгдлээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)