Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэмцээний өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлаасаа болж, ДАШТ-д явах боломжгүй болж, шигшээ багаас хөөгдсөн билээ. Тэрбээр өнөөдөр МҮОХ-нд хаяглан Тамирчдын хорооны комиссын дарга, гавьяат тамирчин Д.Отгондалайд хүсэлт хүргүүллээ. Энэхүү хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе.
“Миний бие Эрдэнэбаатарын Цэндбаатар нь “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин билээ. Токиогийн наадмын боксын 57 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медалийн тулаанд эргэлзээтэй шүүлтийн улмаас хожигдсон. 2021 оны есдүгээр сарын 5-ны өдөр хуралдсан Монголын боксын холбооны хурлын дараа бусдад зодуулан эрүүл мэндээрээ хохирсон байтал маргааш өдөр нь намайг удахгүй болох ДАШТ-д оролцуулахгүйн тул шигшээ багаас хөөсөн. Тиймээс МҮОХ-ны 3.6 буюу тамирчдын эрхийг хамгаалах үндсэн үүргийнхээ дагуу 3.11 буюу тамирчдыг халамжлах, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Иймд тамирчин миний эрх ашгийг хамгаалах тал дээр туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.