Боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алтан медальт, Азийн наадмын аварга гээд хүссэн хүр бүр атгаад авч чаддаггүй том амжилтуудад дөнгөж хорь гаруйхан насандаа эзэн суусан хүн бол гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар юм.
Энэ залуу Монгол Улсынхаа нэр хүндийг тив, дэлхийн тавцанд ингэж олонтаа цуурайтуулсан. Бас бусармар асуудал цөөнгүй гаргасан нь үнэн. Тэр бүхэнд хохирогч нь Э.Цэндбаатар байдаг ба түүнд холбооноос нь шийтгэл оноодог, тэр эр хүн шиг даваад гардаг. Монголын бокст Э.Цэндбаатар хамгийн болж бүтэхгүй хүн, бусад нь энхийн цагаан тагтаа биш юм.
Боксын холбоонд тэр хүүгээс илүү муу зүйл хийсэн хүн олон бий. Жишээлбэл, Э.Цэндбаатарыг зодуулсан орой Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж буй Г.Бадрахыг байсан гэдэг.
Энэ хүн тамирчинаа архи ууж явахад нь хамт байж, бусдад зодуулж байхад ганц үг ган хийхгүй өдийг хүрсэн нь хачин. Мөн саяхан Япон улсад болсон “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд Монголын тамирчид шигшээ багийн өмсгөлгүй гарсан нь баримттай. Үүнд боксын холбооны тухайн үеийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Бадрахыг буруутай гэж үздэг.
Тэрбээр шигшээ багийн өмсгөл дээр дүрмийн бус лого байршуулах зөвшөөрөл олгосноос болж манай тамирчид шигшээ багийн өмсгөлгүй гарсан гэнэ. Энэ бол уучилж боломгүй ноцтой алдаа. Түүнд хариуцлага тооцох нь байтугай хэдхэн хоногийн өмнө Боксын холбооны Удирдах зөвлөлд багтаасан байна.
Г.Бадрахын балаг үүгээр дуусахгүй. Тэрбээр хоёр жилийн өмнө их хэмжээний тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр баригдахдаа албан паспорттой байсан гэдэг.
Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар бусдад зодуулж хохирсон тамирчинаа шигшээ багаас хөөх бус бокст олон балаг тарьсан шүүгч Г.Бадрахыг Удирдах зөвлөлдөө оруулсан нь сонин. Монголын боксын холбооны шинэ тэргүүн Х.Нямбаатар бокст гай болон гавьяа байгуулсан хүнээ танихгүй нэгийг шийтгэж, нөгөөг тушаалд дэвшүүлсэн нь харамсалтай.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)