Боксын тамирчин Э.Цэндбаатарын бусдад зодуулсан, шигшээ багаас хөөгдсөн талаар сошиал орчинд олон хүн санал сэтгэгдлээ бичиж байна. Тэгвэл энэ асуудлаар олимпын аварга, хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өөрийн байр сууриа илэрхийллээ.
Э.Бадар-Ууган: “Миний зүгээс байр сууриа илэрхийлнэ ээ. Манайхан мэдээлэл муутайгаас буруу ойлголт аваад байх шиг байна.
1.Шигшээ багийн тамирчин олимпын циклд удаа дараа БЭЛТГЭЛИЙН ДУНДУУР архидан согтуурдаг, багшаа зоддог, цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир боксын холбооны Удирдах зөвлөлийн 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпын өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёс зүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпын шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж, шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа.
2.Боксын холбооны хурал дуусаад хоол идээд 19:00 цагийн үед би гэртээ ирсэн. Хоолны үеэр ямар ч архи, дарс байгаагүй.
3.Хэн хэн, хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү! Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье!
4. Э.Цэндбаатарыг би багаас нь мэднээ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална.
5. Ер нь залуу, хөгшин гэлтгүй энэ нийлж архиддагаа л болих хэрэгтэй. Ялангуяа спортын салбарыхан бол бүр ч болих хэрэгтэй. Бүх зүйл хэт их архи ууснаас л эхэлж байна.
Спиртлэг биш Спортлог амьдарцгаая гэж уриалмаар байна” гэв.
Сэтгэгдэл (17)