Нуруу, нугасны гэмтэл хүндэрч, аюултай түвшинд хүрснийг Германы спортын гэмтлийн эмч нар надад хэлсэн тэр өдрөөс би боксын спортоос холдсон. Битүүхэн дотроо эргээд рингэнд гарах боломж байж юу магад гэж бодсондоо зодог тайлах ёслол энэ тэр хийлгүй явсаар нэг мэдэхэд есөн жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд надад хамтарч бизнес хийх олон зуун санал ирж байлаа. Өндөр ашиг, хөрөнгө оруулалтаа түргэн нөхөхөө бодсон бол бар, караоке, архины үйлдвэр нээх, газрын баялаг ухах, ББСБ байгуулах олон олон боломж надад байсан ч манай гэр бүлийн хамгийн анх эхлүүлсэн бизнес бол Happyvilla tsetserleg Жаргалтай хотхон хүүхдийн цэцэрлэг байсан. Хүүхдийн эерэг энергиэр дүүрэн цэцэрлэг байгуулсны дараа үргүйдэлтэй гэр бүлд хүүхэд бэлэглэдэг өндөр технологийн Үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулах төслийг Япон улсын буянтай хүмүүсийн ачаар эхлүүлж өдгөө 800 гаруй хүүхэд хорвоод мэндэлжээ.
Өөжинмед эмнэлэг 2017 онд Хан-Уул дүүрэгт өөрсдийн эмнэлгийн байраа барихаар төлөвлөн явж байгаад одоогийн Өөжинмед буюу хуучнаар Тамирчны нөхөн сэргээх сувилалын байрыг зарах гэж байгаа талаар олж мэдсэн. Өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байгаа хүн чинь хардана бас шалгана. Үл хөдлөх битгий хэл хоолны төмсөө ч бид нар авахаасаа өмнө муудсан байна уу гэж шалгадаг биздээ. Олимпийн хорооны хажууд байдаг учраас ямар нэг байдлаар Олимпийн хороотой хамааралтай байх гэж боддог байсан учир хуульч ажиллуулж бичиг баримт, барилгын түүхийг нь судлуулж үзлээ. Тамирчны нөхөн сэргээх сувилал нэртэй ХХК-д бүртгэлтэй энэ барилга ямар нэг зээлийн барьцаагүй, 2014 онд хэсэг бүлэг хүмүүс шүүхээр зарга үүсгэсэн ч Олимпийн хорооны хөрөнгө биш гэдэг нь ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР НОТЛОГДСОН өөрөөр хэлбэл хуулийн дагуу ямар ч асуудалгүй үл хөдлөх байдаг юм байна. За тэгээд тамирчид байрлуулан сувилах зориулалттай боловч үйл ажиллагаа нь тогтмол бус учраас олон жил алдагдалтай ажилласан, барилгын засвар үйлчилгээ хийгдээгүй удсаны улмаас 1,5-2 тэрбум төгрөгөөр капитал засвар хийх шаардлагатай зэргээс үзэхэд санхүүгийн хувьд алдагдал өндөртэй наймаа болохоор байсан.
Харин миний хувьд энэ барилга утга учиртай. 2008 оны Олимпийн наадмын өмнөх өдрүүдэд би энэ барилгын 3 давхрын өрөөнд байрлаж бэлтгэлээ базааж байсан учир надад ээлтэй эерэг газар, ингэж гундуй сундуй байлгаж болохгүй гэж бат итгэн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Худалдах, худалдан авах гэрээг Тамирчны нөхөн сэргээх сувилал ХХК-тай /ХХК гэдэг нь ямар ч олон нийтийн өмчийн биш хувийн компанийг хэлнэ/ байгуулан, нотариатаар баталгаажуулж, татвар хураамжаа төлж худалдан авсан байдаг.
Зарим нэг тархины тураалтай юм уу, юм уншиж ойлгох чадваргүй юм уу, эсвэл зүгээр хүн гүтгэж сошиал хандалт авах зорилготой юм уу мэдэхгүй, нүүрэн дээр юм хэлж чадахгүй сошиал хуудсаар солиороод байдаг хүмүүс хуулийн байгууллагад хандаж шалгуулж болно шүү. Харин дахиж энэ асуудлаар гүтгэсэн мэдээлэл тараавал нэр төрд халдсан хэргээр би хуулийн байгуулалагад хандахыг албан ёсоор анхааруулья!
Өдгөө Өөжинмед Үр Шилжүүлэн Суулгах Төв-н тодотголтой хүүхдүүд энд тэнд таарч, тэврүүлж зургаа даруулна, үрийн заяа үнэрлэж аз жаргалтай болсон аав ээжүүдийн нүд нь гэрэлтэж Өөжинмедийн хамт олонд баярласан талархсанаа үргэлж илэрхийлж байдаг. Тэр урмаар нь эмч ажилчид ч ядрахаа мартан зүтгэж байдаг эмнэлгийн бизнес бол үнэхээр буянтай сайхан үйлс.
Харин миний дараагийн төлөвлөгөө бол өөрийн нэрэмжит спорт цогцолбор байгуулан, боксын заалаа нээж, гарын шавиа бэлдэж эхэлнэ! Бизнес санал тавьж хамтрах найз нөхөд байвал холбогдоорой! Ирээдүйн Монгол иргэнээ Өөжинмед Үр Шилжүүлэн Суулгах Төв-д төрүүлээд Happyvilla tsetserleg-т хүмүүжүүлээд "Ууган Аварга" спорт цогцолбортоо чийрэгжүүлж, спортоор төлөвшүүлэн Монгол улсдаа нэмэр болж амьдарнаа.
Хүндэтгэсэн
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Олимпийн аварга
Э.Бадар-Ууган
Сэтгэгдэл (17)