Монголын боксын шилдэг ширэн бээлийтэн Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдөр согтууруулах ундаа хэрэглэж, бусадтай зодолдсон тухай мэдээлэл гарсан. Энэ дуулиан бол манай спортын салбарын өнөө зуны олсон ололт амжилтыг үнэндээ дордуулж, Токиогийн олимп болон паралимпын наадмын бахдам амжилтыг сааралтуулж байна. Хэрэг явдал Монголын боксын холбооны Бага хурлын дараа болсон бөгөөд дараа нь олимпын аварга Э.Бадар-Ууган тэргүүтэй холбооных нь удирдлагууд түүнийг шигшээ багаас хассан шийдвэрээ танилцуулсан. Ингэснээр тэр удахгүй болох ДАШТ-д эх орноо төлөөлөн тулалдах эрхгүй болсон. Цаашлаад сонирхогчдын рингэнд дахин гарах эсэх нь хэцүү боллоо.
Тэр уг нь удахгүй болох ДАШТ-дээ сүүлчийн удаа хүч үзээд мэргэжлийн бокс руу шилжинэ хэмээсэн ч харамсалтай нь нөхцөл байдал арай эрт эргэлээ.
Э.Цэндбаатар шигшээ багаас хоёр дахь удаагаа хасагдаж буй нь энэ л дээ. Боксын холбооныхон отгон гавьяатынхаа толгойг дахин илэхгүй нь ойлгомжтой болов уу. Тэр 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Үндэсний шигшээ баг болон Монголын боксын холбооны шийдвэрээр тэмцээн уралдаанд оролцох эрхээ зургаан сараар хасуулсан удаатай. Ийм үйлдэл гаргасныхаа дараа тамирчин хүн том сургамж авах нь ёстой юм. Гэтэл тэр хаширсангүй. Үүнээсээ болж тухайн жилийн нэн чухал тэмцээнээ өнжиж байлаа. Тэр өмнө нь олон болчимгүй үйлдэл гаргасан болохоор энэ удаагийн түүнд оноосон шийтгэл хатуу биш. ДАШТ-ийг дахин өнжих нь. Манай боксын сор болсон залуухан тамирчны маань сонирхогчдын рингэн дэх замнал ийн бөхөж байгаа нь харамсалтай боловч түүний хосгүй амжилт, ялалтанд залуус үлгэр дууриалал авахдаа авч, болчимгүй үйлдэлд нь ирээдүйд тамирчин болохыг хүсэж буй олон хүн том сургамж авсан биз ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)