“Токио-2020” зуны олимпын наадмын боксын төрөлд гурван тамирчин өрсөлдөж, нэг боксчин шагналт байрт орсон амжилттай өндөрлүүлсэн. Тус олимпод Монголын боксын шигшээ багийг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр удирдан оролцсон юм. Тэгвэл түүнтэй хамт олимп руу явах учиртай байсан шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүүг үлдээж, оронд нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Гантулгыг явуулжээ.
Энэ талаар ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрөөс тодруулахад “Би холбооны удирдах зөвлөлд О.Батхүү багшийг олимп руу авч явахаар санал оруулсан. Гэвч Удирдах зөвлөлийн олонхи нь А.Гантулгыг явуулъя гэдэг санал гаргасан” гэв. Олимп явсан дасгалжуулагч А.Гантулга нь гавьяат тамирчин Н.Төгсцогт, Б.Чинзориг нарын багш юм. Харин олимпын гадна үлдсэн О.Батхүү нь шигшээ багийн дасгалжуулагч бөгөөд олимпын эрх авсан тамирчдаа хэн хүнээс илүү дасгалжуулах байв. Тэр шигшээ багийн тамирчдыг хариуцаж байсан хүний хувьд японд болсон олимпын наадмын рингэнд дасгалжуулах үндсэн үүрэгтэй байсан. Гэвч түүнийг монголд үлдээж, телевизийн шууд нэвтрүүлэгт боксын тэмцээн тайлбарлуулсан нь ямар учиртай вэ.
Б.Жаргал