Японы нийслэл Токио хотод зуны олимп, паралимпын наадам болж өндөрлөлөө. Тус наадмаас Монголын багийн цор ганц алтан медаль хүртсэн тамирчин нь гавьяат тамирчин Э.Содномпилжээ болов. Тэр паралимпын наадмын аварга болоод зогсохгүй дээд амжилт үзүүлсэн нь хойшид монгол хүн шинэчлэхэд бэрх амжилт юм.
Түүний хувьд паралимпын аварга болсон ч элдэв урилга заллагаас аль болох зайласхийн бэлтгэл сургуулилтандаа бүх анхаарлаа төвлөрлүүлж буй нь сайшаалтай. Өчигдөр тэрбээр гурван жилийн дараа Парист болох паралимпын наадмын бэлтгэлээ эхлүүлжээ.
Тамирчин хүн ямар байх ёстойг тэр үүгээрээ үлгэрлэн харууллаа.
Тэгсэн “Токио-2020” зуны олимпын наадмын боксын төрөлд медаль авах боломжоо алдсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар яав. Хэдхэн хоногийн өмнө боксын холбооны Бага хурал болсон өдөр ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдлоо. Түүнийг шигшээ багаас хөөнө гэх мэдээлэл гарчээ. Үнэн бол харамсалтай. Э.Цэндбаатарыг олимпын медальтан болгох гэж зориулсан олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл ийн талаар болж буй нь даанч хайран.
Э.Цэндбаатар бол монгол түмний хайр хишгийн хангалттай хүртсэн. Олон тамирчны боломжийг хааж, орж болох бүх тэмцээнд зөвхөн тэр л явсаар ирсэн. Гэвч таагүй үйлдэл олонтаа гаргаж, Монголын спортын салбарыг шороотой хутгасан нь ганц энэ биш.
Удахгүй эхлэх боксын ДАШТ-ий сорилд тэр орох байв. Яг энэ мөчид тамирчин хүн өөрийнхөө идэж, уух, жингээ тохируулахаас авахуулаад дээд зэргийн сонор сэрэмжтэй байх ёстойг тэр юунд умартав.
Түүнийг бишрэн шүтэж, үлгэрлэн дууриаж яваа олон хүүхэд залууст тэр муухай харагдлаа. Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон шигшээ багийн тамирчин хүний сайн болон муу талыг бид өчигдөр ингэж л харлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)