Монголын боксын холбооны Бага хурал өчигдөр “Тугаар тогтнолын ордон”-ны их тахимд болов. Хурлын эхэнд холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй Т.Мөнхбаяр өнгөрсөн найман сарын хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм. Тэрбээр холбоо удирдах үедээ 441 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Дараа нь Монголын боксын холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар өрсөлдөгчгүй ялалт байгуулав. Түүнтэй өрсөлдөхөөр мэдүүлсэн Н.Алтанхуяг татгалзсан тул гишүүд Х.Нямбаатарт 100 хувь итгэл үзүүллээ. Х.Нямбаатарыг бокс руу хөтөлж оруулсан хүн нь багын найз болох боксын шүүгч Б.Атарбаярыг гэж байна. Б.Атарбаяр нь сонгуулийн тооллогын комисст ажиллажээ. Мөн тус хурлыг Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ц.Бат-Энх даргалсан бөгөөд тэр өөрөө дэд ерөнхийлөгч болсон. Дэд ерөнхийлөгчид түүнээс гадна хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба болон бизнесийн салбараас хоёр хүнийг нэмж бүртгэв. Хоёр хөдөлмөрийн баатарыг боксын холбооны удирдах албанд очсон цагаас хойш тамирчдын амжилт жил ирэх тусам буурч буйг бүгд мэднэ. Харин ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнбилэгийг томилсон байна.
Түүнийг шигшээ багт ажиллах хугацаанд “Лондон-2012” олимпын наадмаас Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байв. Гэхдээ тэр “Алматы-2013” ДАШТ-ий дараа Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тойрохоо зуруулсан хар намтартай нэгэн. Шалтгаан нь гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг гадуурхсан гэдэг. Удирдах зөвлөлийг 19 хүнтэй байхаар баталж, холбооны өмнө ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бадрах багтсан нь олон хүнд таалагдсангүй. Саяхан олимпын наадамд өрсөлдсөн баг тамирчид шигшээ багийн өмсгөлгүй гарсан нь алдааг түүнтэй холбон тайлбарлаж байна. МБХ-ны Бага хуралд боксын шилдэг тамирчдаас Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай, Э.Цэндбаатар, М.Нандинцэцэг тэргүүтэй боксчид ирлээ. МБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Нямбаатар хэлсэн үгэндээ боксын ордон барьж өгнө хэмээн амалсан юм.
Сэтгэгдэл (2)