Монголын боксын холбооны бага хурал өнөөдөр “Тусгаар тогтнолын ордон”-ны их танхимд болно. Энэ хурлаар хэлэлцэх гол асуудал нь тус холбооны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгууль юм. Өдгөө тус холбоог “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ий гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр удирдаж байгаа. Саяхан Токиод болж өнгөрсөн зуны олимпын наадмаас боксчид ганзага хоосон ирсэн бурууг тэр үүрэх нь. Т.Мөнхбаяр нь тус холбооны ерөнхийлөгчийн болоод ердөө найман сар болж байна.
Түүний ажлыг авахаар хоёр хүн өрсөлдөх гэнэ. Тэр нь Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нөгөөх нь “Сөүл-1988” олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн Н.Алтанхуяг юм байна. Х.Нямбаатарын талаас МБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгэнтэй өрсөлдөхөөс жийрхэж буй бололтой. Зөвхөн өөрөөс нь өөр хүн нэр дэвшвэл өрсөлдөхөөс татгалзах гэнэ. Боксын холбооны бага хурлыг түүний намын байранд хийж буй нь бас хачин.
Х.Нямбаатар сайдыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамбаас авахуулаад дэмжих хүн олон гэнэ. Тэгвэл түүнтэй өрсөлдөхөөр болсон Н.Алтанхуягийг мэдэхгүй боксчин үгүй. Тэр “Сөүл-1988” –ын олимпын наадмын рингэнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн шилдэг нэгэн. Түүний боксын хөгжилд оруулсан хувь нэмэр ч их. Түүнийг гавьяат тамирчин Т.Үйтүмэн, гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав тэргүүтэй бокст нөлөө бүхий эрхэмүүд дэмжиж байгаа бол Х.Нямбаатарыг бокс руу оруулж ирж байгаа хүн нь шүүгч Б.Атарбаярыг гэж ярьж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)