Аливаа нэгэн спортоор мэргэжлийн түвшинд хичээллэн зүтгэхэд олон төрлийн золиос гаргадгаас гадна тодорхой хэмжээний бэртэл гэмтлийн эрсдэлийг тамирчин өөрөө үүрдэг. Бэртэл гэмтлээр ч зогсохгүй спортын дэвжээн дээр амь насаа алдах ч эрсдэлтэй байдаг.
Тэгвэл Женэттэ Закариас Запата гэх дөнгөж 18 настай мэргэжлийн боксын замналаа эхлүүлж байсан залуу тулаанч өнгөрөгч хагас сайн өдөр хийсэн тулааныхаа дөрөвдүгээр үед толгойдоо хүнд цохилт авч ялагдал хүлээсэн. Уг үйл явдлаас таван хоногийн дараа тулаанч бүсгүйг амьсгал хураасан гэж албан ёсоор мэдээлээд байна.
Тус үйл ажиллагааг зохион байгуулсан багийн бүх гишүүд уг золгүй хэрэгт гүнээ харамсаж байгаа бөгөөд амь үрэгдсэн тамирчны ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж буйгаа олон нийтэд нээлттэй зарласан байна. Мэргэжлийн спорт дундаас боксын спорт нь хүний биед ноцтой хохирол учруулдаг хамгийн эрсдэл өндөртэй спорт бөгөөд сүүлийн хэдэн жил уг спортыг тойрсон олон золгүй явдлууд тохиолдсоор байна.
Харин үүргээ биелүүлж тулаанд ялалт байгуулсан Мариэ Пиер Хоулэ гэх тамирчны хувьд ямар ч буруу зүйл хийгээгүй хэдий ч хүний аминд хүрсэн гэх маш том сэтгэлийн шархтай үлдэж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)