Хөлбөмбөгийн хорхойтон, үндэсний шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч О.Дагвасүрэн “Евро-2020” тэмцээний финалыг үзэж, Английн томоохон клубүүдийн цэнгэлдэх хүрээлэнгээр аялаад иржээ. Англи, Италийн шигшээ багуудын тоглолтыг үзэж, Монгол Улсын төрийн далбааг ногоон талбайтай тун ойрхон дэлгэснийг үзэгч олон харсан буйзаа. О.Дагвасүрэн ЕАШТ-ий шигшээ тоглолтыг үзсэн сэтгэгдлээ “Монгол фанат, хөлбөмбөг сонирхогч Европын энэ том тэмцээнийг үздэг юм шүү гэж харуулах гэж төрийн далбаагаа үргэлж дэлгэж явсан. Тэр агуу цэнгэлдэх хүрээлэнд орж, олон мянган хүнтэй цэнгэлдэхэд орж Монгол хүн гэдгээрээ бахархахад өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлгэндэг юм билээ” хэмээн хуваалцлаа. Буурал тивийн зорьсон түүний аялал ганц “Евро 2020”-ийн шигшээ тоглолтоор хязгаарлагдаагүй аж. Английн “Манчестер Юнайтед”, “Манчестер Сити”, “Ливерпүүл”, “Челси”, “Арсенал” клубүүдийн цэнгэлдэх хүрээлэнтэй танилцаж хөлбөмбөг сонирхогчдын үзэхийг хүсдэг олон сонирхолтой газруудаар аялаад иржээ. Нийт 58 хоног үргэлжилсэн аяны богцоо задалж МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарт дурсгалын зүйл гардуулж, замын сониноосоо хуваалцлаа. Тэрээр олон улсын чанартай хэд хэдэн тоглолт үзсэн бөгөөд Монгол хөгжөөн дэмжигчиддээ хандаж “Олон улсын тоглолтууд үзэхээр зориг шулуудсан бол аяллаа сайтар төлөвлөж, тасалбараа эрт захиалах хэрэгтэй”-г сануулж байлаа.