“Токио-2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг Монголын шүүгч Бямбаагийн Цагаанбаатар дэнсэллээ. Тэр паралимпын наадам шүүсэн анхны монгол шүүгч болж байна. Анхдагч түүхийн эзэн болсон Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны шүүгчдийн хорооны дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатартай ярилцлаа.
-Та паралимпын наадам шүүх эрхтэй болсноо хэзээ мэдсэн бэ?
-Дэлхийн триатлоны холбооноос энэ оны гуравдугаар сарын 19-нд надад мэдэгдсэн. Ер нь бол олон улсын 2, 3 дугаар зэрэгтэй шүүгч нараас сонгодог. Анх шүүгчдийн бүрэлдэхүүнийг 2019 онд зарласан. Тэнд бол би байгаагүй. Тэгээд олимп, паралимп хойшилж, зарим шүүгч ирж чадахгүй болсон юм билээ. Би 2012, 2016, 2020 оны зуны олимпод нэр дэвшиж сүүлчийн шатанд үлдсэн ч хараахан чадаагүй байсан юм.
-Цар тахалтай үеийн паралимп өмнөх тэмцээн уралдаантай харьцуулахад ямар онцлогтой болж байна вэ
-Тэр талаар маш их юм ярьж чадах хэдий ч товчлоё. Ямар азаар Японд болсон юм, тэд асар их эрсдлийг үүрэн бүх чадлаараа зохион байгуулж байна. Өөр оронд бол ингэж хийхэд учир дутагдалтай санагдсан. Бид онгоцны буудалд бууснаас эхлээд л bubble-д байж, зөвхөн зочид буудал-тэмцээний талбай гэсэн маршрутаар тусгай автобусаар явдаг. Буудлаас огт гараагүй, bubble-аас гаднах хүмүүстэй огт уулзаагүй, зөвхөн буудлын ресторанд хооллодог. Эрүүл мэндийн үзлэг тогтмол хийнэ, өглөө бүр pcr өгнө гэх мэт. OCHA болон COCOA нэртэй хоёр апп-аар бүх хяналтыг хийж байна
-Таны шүүсэн тэмцээний талаар асууя?
-Тэмцээн бол өнгөрсөн сарын 28-29-нд болсон. Харин бэлтгэл ажилд 22-ноос эхэлж оролцлоо. Триатлоны спорт “Рио-2016” паралимпын наадам анх орсон бол Токиод хоёр дахиа болж байна.
-Та шүүгчийн ямар үүрэг оролцоотой ажиллав?
-Миний хувьд гүйлтийн торгуулийн цэгт ажиллах үндсэн хуваарьтай, мөн зарим гараанд сэлэлтийн шүүгчээр гарсан. Анх удаа ийм өндөр түвшний тэмцээнийг шүүж үзлээ, их зүйлийг ч сурч мэдлээ.
-Таниас гадна хэдэн шүүгч ажилласан бэ?
-Паралимп, олимп бол зөвхөн тамирчид төдийгүй шүүгч нарын тухайд ч тэргүүн оргил гэж хэлж болно. Дэлхийн шилдэг 26 шүүгч энд хүрэлцэн иржээ. Монголын триатлоны холбоо, Монгол эх орноо төлөөлөн энд ирж, “Токио-2020” паралимпын хамгийн сонирхолтой тэмцээний нэгийг хамтран явуулах хариуцлагатай үүрэг гүйцэтгэсэндээ их баяртай байна.
-Паралимпын триатлоны тэмцээний зай хэд байв?
-Паралимпад бол стандарт хэмжээнээсээ арай богино зай болсон. 750 метрт нь сэлнэ, 20 км-т нь дугуй, 5 км-т нь гүйх байгаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)