НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймагт хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр дөрвөн жилийн турш хамтран ажиллаж байгаа юм. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үед НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ онд нийт 180 гаруй сая төгрөгийг эх хүүхдийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө эрүүл мэндийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийг хандивлахад зарцуулсан байна.
Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан "Ковид-19"-ын халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын “Хүүхдийн сан”-гийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрөөс нийт 40.5 сая төгрөгийн зургаан нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, тоног төхөөрөмжийг аймгийн 29 сургууль, 20 дотуур байр, 31 цэцэрлэгт хүлээлгэн өгчээ.
Энэхүү тусламжийн багцад мананцар үүсгэдэг ариутгагч төхөөрөмж, хоёр лан бүхий кварцын гэрэл, гар халдваргүйжүүлэгч, гадаргуу ариутгагч уусмал, хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүдийн нүхэн жорлон ариутгах био уусмал зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн багтаж байгаа юм.