Японы нийслэл Токио хотод болж буй паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээгийн бэлтгэлийн хамтрагч, Булган аймгийн тамирчин, Ази тивийн хошой аварга, ОУХМ О.Мөнхбаттай ярилцлаа.
-Токиогийн паралимпын наадмаас Э.Содномпилжээг алтан медаль авсанд монгол хүн бүр баярлаж байна. Тэр тусмаа бэлтгэлийг нь хангалцаж өгсөн таны баярын сэтгэгдэл ямар байгааг уншигч олонтойгоо хуваалцах гэсэн юм?
-Хэмжээгүй их баярлахаар хэлэх үг олддоггүй юм байна. Таны хэлдэг үнэн. Монголчууд түүгээр бахархаж, бүгд баярлаж байна. Найздаа баяр хүргэе. Дасгалжуулагч Д.Баттулга ахад баярлалаа гэж хэлье. Тэд Монголын бахархал юм.
-Та хоёр хэдийнээс хамт бэлтгэл хийж байна вэ?
-Дөрвөн жилийн өмнөөс хамт бэлтгэл хийе гээд өнөөг хүртэл спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.
-Та хоёр өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг байв?
-Долоо хоногт гурван удаагийн бэлтгэл хийхдээ нэг дор 4-5 цагийг бэлтгэлд зарцуулдаг. Тэр их хөдөлмөрч. Түүний бэлтгэлийг харсан хүн гайхахаар. Маш их ачаалал авдаг хүн дээ.
-Э.Содномпилжээ паралимпад гурван шинэ дээд амжилт тогтоолоо. Бэлтгэл дээр үүнээс илүүг өргөж байв уу?
-Түүнийг Токио явахын өмнө Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын пауэрлифтингийн холбооны удирдлагууд маш сайн дэмжсэн. Олон хүний тус дэмийг Пилжээ маань амжилтаар хариулж чадлаа. Тэр энд байхдаа бэлтгэл дээр 255 кг-ыг шахсан. Амжилтаа ахиулах боломж түүнд бий.
-Э.Содномпилжээ хэзээнээс паралимпын бэлтгэлдээ гарсан бэ?
-Тэр тогтмол бэлтгэлтэй байдаг. 2018 оноос онцгойлон бэлтгэж эхэлсэн. 2020 онд паралимп болно хэмээн тэр бэлтгэж байтал коронавирус цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон. Паралимп хойшилсон нь жаахан тийм. Гэсэн ч Содномпилжээ маань алтан медаль авлаа. Олон хүн баярлаж байна. Найздаа болон түүний гэр бүл, дасгалжуулагчид нь дахин баяр хүргэе ээ.
-Тэр аварга болсныхоо дараа юу ярих юм?
-Эндээс явсанаас нь хойш байнга холбоотой байсан. Сүүлд ярихад “их том даваа давлаа” гэж инээмсэглэж байна билээ.
-Үнэхээр том давааны ард гарлаа. Э.Содномпилжээ Токио явахын өмнө уул, овоондоо мөргөсөн гэж сонслоо?
-Тийм ээ. Э.Содномпилжээ, дасгалжуулагч Д.Баттулга ах бидний хэдэн хүн Бурхан халдун хайрхандаа залбирсан. Бурхан халдун хайрханы маань буян заяа Э.Содномпилжээг маань түшлээ. Бас аав, ээжийнхээ уул, ус онгод шүтээндээ их залбирч явдаг хүн. Тэр зайран. Эх орныхоо уул, ус, байгалиа их хүндэтгэж явдаг даа.
-Түүний зорилго энэ паралимп байсан уу?
-Пилжээг “Парис-2024” паралимпад оролцох болов уу гэж харж байна. Цаашлаад 2028 оны паралимпад амжилт үзүүлэх нөөц түүнд бий. Гэхдээ дараагийн олимпын талаар одоо ярих нь эрт байна.
-Э.Содномпилжээ хүч бярын аварга төдийгүй сэтгэл зүйн асар их тэнхээтэй тамирчин гэдгээ олонтаа харууллаа. Тэр өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?
-Үнэхээр тийм. Тэр сэтгэл зүйн асар их тэнхээтэй хүн. Олон жилийн туршлага, би ялна гэсэн үзэл санаагаа амилуулж чаддаг тамирчин. Бэлтгэл дээр хөгжилтэй, их найрсаг хүн.
-Түүний сайн чанар гэвэл?
-Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, найз нөхөддөө их түшигтэй.
-Таныг хүлээж буй тэмцээн?
-Арванхоёрдугаар сарын 22-30—нд болох ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
О.Мөнхбат бол Э.Содномпилжээгийн бэлтгэлийн хамтрагч бөгөөд пауэрлифтингийн спортод Ази тивийн хошой аварга, хошой хүрэл медальтай тамирчин юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)