Өнөөдөр зодоглосон манай хоёр жүдоч хоёул дагах барилдаанд ялагдсанаар долдугаар байр эзэллээ. Эрчүүдийн 66 кг-д А.Мөнхбат тун харамсалтай ялагдав. Тэрбээр Японы Южиро Сетотой хийсэн барилдаанд хутгаж унаган вазари авч, тэргүүлж эхэлсэн. Гэвч цаг дуусахаас гуч гаруйхан секундын өмнө өрсөлдөгчийнхөө хутгаанд цэвэр буучихав. Ийнхүү япон бөх хүрлийн төлөө барилдахаар болж, манай хүний олимп өндөрлөлөө. Түүнчлэн 60 кг-д барилдсан залуу тамирчин С.Ядамдорж Риогийн олимпын аварга узбек бөх Шерзод Намозовт хоёр вазари алдан дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Манай сүүлийн жүдоч Н.Алтанцэцэг наймдугаар сарын 29-нд эмэгтэйчүүд ийн +70 кг-д зодоглоно. Тэрбээр эхний даваанд Ташкентийн гранпри тэмцээний мөнгөн медальт Казахстаны Зарина Баибатинатай хүч сорих юм.