МҮОХ-ны Бүх гишүүдийн хурал өчигдөр цахимаар болон танхимаар боллоо. Хуралд МҮОХ-ны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй эхлэв. Бүх гишүүдийн хурал өмнө нь ийм бага ирцтэй болсон нь цөөн. Гэхдээ “Токио-2020” олимпын наадмын дараа болж буй анхны хурал тул нэн чухал юм. Хурлын эхэнд Монголын каноэ каякигийн холбоог шинээр элсүүлж авсан бол үйл ажиллагаа ижил Б.Жияандоржийн гэгдэх каноэ каякигийн холбоог гишүүнчлэлээс хасчээ. Тус холбоог Азийн холбоондоо бүртгэлгүй болсон хэмээн тайлбарлаж байна. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас чөлөөлж байна.
Тэр нөхөн сонгуульд ялалт байгуулж, МҮОХ-г удирдан “Токио-2020” зуны олимпын наадам хүртэл тус хороог чиглүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч олимп болохоос хоёр сарын өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдээд байв. Түүнтэй холбоотой асуудлыг бүгд мэдэх тул тайлбарлах нь илүү биз. Өчигдөр бас нэг чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь МҮОХ-ны Чуулганы тов бөгөөд арваннэгдүгээр сарын 30 гэж тогтлоо.
Энэ хурлаас МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар тодрох учиртай. Манай спортын хамгийн нөлөө бүхий байгууллага болох МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодроогүй байгаа. Гэвч сураг дуулахад өчигдөр болсон хурлын дараа гурван хүнийг өрсөлдөж магадгүй гэж байна.
Эхнийх Б.Баттүшиг. Тэрбээр спортын хүрээнийхэнд Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү гэдгээр танигдаж байсан бол өдгөө МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч болж, цаашлаад ОУОХ-ны гишүүн болтлоо нэр хүнд нь өсч яваа. Б.Баттүшиг МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай нь. Түүнд аавынх нөмөр нөөлөгөөс гадна МҮОХ-ны өмнөх ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсаны тойрон хүрээлэгчид дэмжих нь гарцаагүй. Харин дараагийн эрхэм бол Энэбишийн Мөнх-Очир. Түүнийг УИХ-ын гишүүн, Элчин сайд, Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байснаар нь мэдэх нь олон. Харин түүнийг буудлага спортын холбоог удирдаж, монгол тамирчидаа олимп, дэлхийн тавцанд гялалзсан амжилт гаргуулсан гэдгээр мэдэх нь хэд бол. Түүнд МҮОХ-ны ерөнхийлөгч болох боломж бий.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээс гадна спортын олон холбоод түүнийг дэмжинэ гэдэг. Тэгвэл сүүлчийн хүн бол волейболын гэх тодотголтой Ц.Бат-Энх юм. Тэр өнгөрсөн сонгуулиар саналын хол зөрүүгээр тахим өгсөн ч дахин өрсөлдөхөө илэрхийлж байна. Түүнд ялах магадлал бага. Гэвч Ц.Бат-Энхийг сонгуульд нэр дэвших хүртэл хөтөлсөн хүчин зүйл бол спортод шударга байдлыг бий болгох, олимпын шинэчлэлийг эхлүүлэх гэсэн эрхэм зорилго нь түүнийг энэ хүргэсэн билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (15)