Завхан аймгийн цол чимэг олгох үндэсний бөхийн барилдаан хоёр хоногийн өмнө болж, шинэ цолтон мэндэллээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяа, аймгийн арслан Мөнхцэнгэлийн Амарсанаа түрүүлж, хурц чимэг нэмсэн юм. Сумын заан А.Нармандах үзүүрлэж, аймгийн заан цолны болзол хангасан бол их шөвөгт аймгийн заан М.Лхагвагэрэл, сумын заан Б.Бямбадорж нар шалгарчээ.
Энэхүү барилдаан болохын өмнө УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дельта вирусний тархалттай холбоотойгоор наймдугаар сарын 21-нээс хойш морины уралдаан, бөхийн барилдаан гэх мэт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байв. Гэвч тус аймгийн удирдлагууд болон Онцгой комисс, Үндэсний бөхийн холбоо, бөхчүүд нь хүртэл тэрхүү шийдвэрийг ойшоосонгүй, бөхөө барилдуулжээ.
Энэ барилдаан болсны өмнөх өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахисан юм. Ингэхдээ УОК-ын шийдвэрийг хүндэтгэн бөхөө барилдуулалгүй буцжээ. Зөв жишиг. Тэгвэл Ерөнхийлөгч уул хайрхандаа монгол түмнийхээ заяа буянг даатгаад явсаны ард бөхчүүд наадам хийж. Засаг дарга нь зөвшөөрсний үндсэн дээр тэд барилдсан болж таарлаа. Амжилт үзүүлсэн бөхчүүдээ өрөөндөө дуудан цол, чимгийг нь гардуулсан байна. Завхан аймгийн засаг дарга, тэр бөхчүүдэд УОК-ын шийдвэр хамаагүй бололтой.
УОК-ын шийдвэрийг уг нь бүх аймгийн удирдлагууд, бөхчүүд, уяачид нь адилхан дагаж мөрдөх ёстой байсан. Тэгвэл Завхан аймагт лав УОК шийдвэр хэрэгжээгүй байна. Асуудал хариуцсан дарга нар нэгийг бодох байлгүй. Тэр байтугай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Завхан аймагт ажиллаж байсан өдөр бөхөө барилдуулсан байх юм. Бяр байхад ухаан байтугай хуулиар ч яахав гэдэг энэ дээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)