“Токио-2020” олимпын наадмын ринг манай боксчдод хатуу байлаа. Энэ олимпын өмнө манай ширэн бээлийтнүүд Бээжингээс алт, мөнгө, Лондонгоос мөнгө, хүрэл, Риогоос нэг хүрэл медаль хүртсэн юм. Гурван олимп дараалан медаль авсан буухиа энэ хүрээд тасарлаа. Боксынхон олимпоос медаль авч чадаагүй буруугаа холбооныхоо ерөнхийлөгчид тохож, түүнийг холдвол бүх зүйл сайхан болно хэмээн зарим хүн үзэж буй бололтой.
Холбооны бага хурлын тов гарчээ. Энэ хурлаар МБХ-ны ерөнхийлөгчөө сонгоно. Хариуцлага тооцох ёстой бол шигшээ баг удирдсан дасгалжуулагчид ч бас тооцох нь зүй ёсны асуудал. Гэвч өдийг хүртэл дасгалжуулагчаа чөлөөлсөнгүй. МБХ-г одоо удирдаж буй Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ий гүйцэтгэх захирал. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард ажлаа авсан. Түүнийг боксын холбоог удирдах болсонд боксын хүрээнийхэн үнэндээ гайхаж л байлаа. Аргагүй юм. Тэр салбартаа танигдаагүй, шинэ хүн.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зүтгүүлсэн гэдэг. Бас МҮОХ-ны ерөнхийлөгч асан Н.Түвшинбаярыг нөлөөлсөн гэж үзэх ч хүн байгаа. Н.Түвшинбаяр аварга МҮОХ-ны ерөнхийлөгч болсныхоо дараа тус хорооны өмнөх ерөнхийлөгчийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Бадар-Ууганыг хэвээр үлдээсэн нь ийн хардах үндэслэл болжээ. Уг нь МҮОХ-ны шинэ ерөнхийлөгч нь ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчилж болох дүрэмтэй. Гэвч Н.Түвшинбаяр олимпын аварга Э.Бадар-Ууганыг хэвээр үлдээсэн нь учиртай байж.
Монголын боксын холбоог Т.Мөнхбаярт өгөх тохирооны үндсэн дээр Э.Бадар-Ууганыг МҮОХ-ноос холдуулаагүй гэдэг бөгөөд дараа нь Т.Мөнхбаяр боксын холбооны ерөнхийлөгч болсон. Харин одоо цаг өөр болсон. Тэр үед хамгийн их эрх мэдэлтэй байсан ерөнхийлөгч асан Х.Баттулга өдгөө жирийн иргэн болж, Н.Түвшинбаяр бусармаг үйлдлээсээ болж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн.
Тиймээс боксын холбооны ерөнхийлөгчийг яаран солих болсон гэж зарим хүн үзэж байна. Тэр магадгүй. Олимпын аваргуудын тохиролцоо энд хүрээд өндөрлөв бололтой. Тэгвэл МБХ-ны дараагийн ерөнхийлөгчийг ирэх сарын 3-нд шийднэ. Эндээс сонгогдсон шинэ ерөнхийлөгч Монголын ширэн бээлийтнүүдийг удирдан “Парис-2024” олимпын наадамд оролцох юм. Хэн боксын холбоог удирдахдаа бус ирэх олимпоос манай боксчид өнгөрсөн олимпын гутамшигаа цайруулах нь чухал билээ.
Сэтгэгдэл (5)