Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд боллоо. Энэ арга хэмжээнд хүндэт зочиноор хүрэлцэн ирсэн “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатарын сэтгэгдлийг хүргэж байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудыг өдөр тутам унд ахуйн усаар хангаж, бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүрэгтэй ажилладаг Ус сувгийн удирдах газар хэмээх их айлын нэг эд эс болж, хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байгаадаа миний бие туйлын их баяртай байдаг. Манай хамт олон дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ амаргүй үед ч хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, нийслэлчүүдийг нэг ч хором усаар таслаагүй гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Усыг бид амьдрал тэтгэгч чандмань эрдэнэ, ус бол амьтай, ус бол ухаантай хэмээн ихэд эрхэмлэн дээдэлдэг. Усаа дагасан, түүнийг эрхэмлэн дээдэлсэн хүний амьдрал улам өөдөлж дээшилдэг гэдэгт би гүнээ итгэж явдаг. Монгол айл өрх бүрийн тэргүүн мянга мянган аавууд дээлхийн минь захыг мушгиж, ээж бүхэн цагаан сүүний дээжээ өргөж, залуу хүн бүр эрч хүчээр тэтгэж, нийслэлчүүдийнхээ төлөө гар, бие, сэтгэл нийлэн ажилладаг хамт олон минь уухайн түрлэгээр дэмжсэний улмаар миний бие Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, энгэртээ олимпын медаль зүүлээ. Өнөөдөр шавыг нь тавьж буй энэхүү Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг санхүүжүүлж байгаа алс холын Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, татвар төлөгч иргэн бүрт нийт монголчууд, нийслэлийн иргэд, тэр дундаа Ус сувгийн удирдах газарт ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа ажилтнууд, залгамж халаа болсон залуучуудынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Дэвшилтэд технологи бүхий энэ үйлдвэр баригдаж байгаа нь усны салбарын инженер, техникийн ажилтнууд бидний хувьд шинэ мэдлэг, шинэ сорилтыг авчирч, мэдлэг ур чадварын хувьд өсч дэвших чухал талбар, томоохон боломжийг бий болгож байгаад олзуурхаж, мөн талархаж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хамтран эхлүүлэхэд дэмжин тусалсан энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, холбогдох албаны хүмүүс, Монголын Мянганы сангийн хамт олон, УСУГ-ын хамт олондоо ажлын өндөр амжилтыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай гэв.