“Токио-2020” зуны олимпын наадмыг Монгол Улсын шигшээ баг дөрвөн медальтай өндөрлүүлсэн билээ. Үүний цор ганц мөнгөн медалийг Монголын иргэн болсон Саейд Моллай бидэнд авчирсан, бүгд баярласан. Тэр монголд ирээд 15 хонож байна. Энэ олон хоногт түүнийг хүлээн авч баяр хүргэх төр засгийн ганц ч түшмэл гарч ирээгүй нь харамсалтай. Саейд Моллайгийн олимпод үзүүлсэн хосгүй амжилтыг Монголын төр үнэлэх ёстой. Түүнд зөвхөн жирийн иргэд сайн дураараа бэлэг өгөхөөс илүү баярлуулаагүй юм. Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй Баянхонгор аймгаас сонгогдсон төрийн түшмэдүүд олимпын наадмаас медаль хүртсэн нутгийн залуусаа хүлээн авч уулзан 3 өрөө орон сууцны түлхүүр гардуулсан байна. Бас олимпод гавьсан амжилтгүй оролцоод ирсэн охидоо ч тэд мартсангүй. Тус бүрт нь 5 сая төгрөг гардуулжээ.
Харж тэтгэх нутгийн зөвлөлтэй байх сайхан л даа. Саейд Моллай Баянхонгорынх биш. Гэхдээ тэр олимпын наадамд М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар шиг Монгол Улсын нэрийг дэлхий дахинд өндөрт гаргасан адилхан гавьяатай Монгол Улсын иргэн билээ.
Саейд Моллай хэлэхдээ "Намайг орон сууц, их хэмжээний мөнгөөр шагнуулсан гэх маш олон худал мэдээлэл гарсан. Үнэндээ би ямар ч орон сууц аваагүй. Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Тэд хүрэл медаль хүртсэн. Харин би Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд гомдож байна. Монголд ирсний дараа надад маш олон хүн баяр хүргэсэн. Би үүнд баяртай байдаг. Гэхдээ Монголд ирээд 10 хоносон ч Засгийн газар болон МҮОХ-ноос хэн ч ирж уулзаагүй, ямар нэгэн хүлээн авалт, ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүйд гомдож байна. Гэхдээ би Монголын ард түмэнд гомдоогүй тэд надад чин сэтгэлээсээ баяр хүргэсэн” гэв. Түүний ингэж гомдлох нь бас аргагүй. Монголын төр арай Моломыгоо мартаагүй байгаа. Тэр “Токио-2020” олимпоос мөнгөн медаль хүртсэн цор ганц монгол тамирчин гэдгийг дахин сануулъя.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)