Увс аймгийн баяр наадмын бөхийн барилдаан маргааш (8.20-нд) Улаангом хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Аймгийн цол, чимэг олгох энэхүү барилдаанд урьдчилан мэдүүлснээр хурц арслан О.Гантулга, Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Х.Оргилболд, Л.Цээсүрэн, Н.Хүрэлсүх, Д.Тогтохжаргал, Ц.Бямбаа, Н.Ганзориг, Л.Жамсран, Л.Балдорж, Б.Сэр-Од тэргүүтэй 128 бөх бүртгүүлжээ. Барилдаанд аймаг, цэргийн цолтойгоос 11 арслан, заан зургаа, харцага найм, начин 23 бөх барилдах юм. Өнгөрсөн жилийн тус наадамд Давст сумын харьяат аймгийн арслан Б.Сэр-Од түрүүлсэн. Тэгвэл Увс аймгийн баяр наадам нийт 89 удаа болоход Тэс сум 44 түрүүгээрээ тэргүүлдэг бөгөөд аймгийн арслан Түгжээгийн Лхүндэв тав (1946, 1950, 1954, 1956, 1957 онд) түрүүлсэн амжилт өдгөө эвдэгдээгүй байна.