"Токио-2020" зуны паралимпын наадам хөшгөө нээх мөч хоног хоногоор ойртож байна. Монголын охид, хөвгүүд зуны олимпын наадмыг дөрвөн медальтай үдэж, паралимпын наадамд Монголын 11 тамирчин эрх авч оролцохоор болсон сайхан мэдээтэй угтаж байна. Өмнө нь манайхан ийм олон тамирчинаа паралимпад илгээж байсангүй. Монголын баг тамирчид паралимпаас нийтдээ гурван медаль авсан байдаг. “Бээжин-2008”-гээс байт харвааны төрөлд Д.Баатаржав алт, “Рио-2016”-гоос пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ, жүдогоор Б.Ууганхүү хүрэл медальтай ирсэн. Энэ хосгүй амжилтаа буухиалах бололцоотой тамирчин одоогийн шигшээ багт бий. Гадны спортын мэргэжилтнүүд манай гурван тамирчныг медаль авна гэж нэрлэж байна.
Ялангуяа пара таеквондогийн ДАШТ-ий гурван удаагийн алтан медальт Г.Болор-Эрдэнийг финалд гарч ирнэ гэлээ. Өнөө жил түүний бэлтгэл сургуулилт гойд сайн байгаа. Тэрбээр жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй юм. Мөн таеквондогийн тамирчин Х.Энхтуяаг гарцаагүй медаль авна гэнэ. Пара таеквондогийн анхны дэлхийн аварга болсон түүнд дутуугаа гүйцээх боломж энэ удаад гарч мэднэ. Тивдээ дөрөв төрүүлсэн босоо тамирчин билээ.
Тэгвэл Монголын баг тамирчдын гол найдвар болсон гавьяат тамирчин Э.Содномпилжээг алтан медаль авна гэж мэргэжилтнүүд бардам хэлж байна. Пара пауэрлифтингийн ДАШТ-ий хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Тэрбээр “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл медаль авсаныхаа дараа тэрбээр гиннесийн дээд амжилт тогтоогоод байгаа. Гадны мэргэжилтнүүдийн таамаг зөрөхгүй бол энэ "Токио-2020"-д Монгол Улсын төрийн дуулал эгшиглэх юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)