Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байсан, спортын мастер Батбаатарын Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана. Түүнчлэн 76 кг-д Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашатай удахгүй хүч үзэх юм.
55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч өнөөдөр дагаж барилдахаар болов.