Улсын баяр наадамтай дүйцэхүйц “Үндэсний бөх-Өв соёл” хүчит бөхийн барилдаан Хүйн долоо худагт хоёр өдөр болж, түрүү бөх олон ястны өлгий нутгаас төрлөө. Ховдын бөхчүүд өнөө жил өнгөтэй байна. Шөвгийн найман бөхийн дөрвийг Ховдынхон эзэлсэн билээ. Тэд нутагтаа болсон аймгийн цол олгох барилдаан болон улсын цолтнуудын барилдаанд хүч үзсэн болохоор өндөр амжилт үзүүлэх шалтгаан боллоо. Тэгвэл өчигдөр аварга, арслангуудаас ганц нь ч шөвгөрсөнгүй.
Улсын баяр наадмыг өнжөөх шийдвэрийг эрт гаргасан учраас том цолтнуудын бэлтгэл сургуулилт хангагдаагүй байх нь аргагүй. Гэхдээ энэ наадамд цол олгохгүй тул бүгд яс барилдаагүй байх. Зарим бөхийн гурвын давааны ам авсан байдал ч илтгэнэ.
Хэрэв өчигдөр улсын цол олгох барилдаан болсон бол түрүүлэх хэмжээний бөхчүүд нэгнээ тэр доор даваанд амлах нь юу л бол. Тэр барилдаан хэрхэн өрнөж, дараа нь юу болсныг бүгд мэднэ. Бөхчүүд Э.Оюунболдыг допингийн хүчээр авсан аварга цолтой нь барилдуулахгүй гэж эсэргүйцэн гурвын даваа эхлэх хугацааг нэлээн саатуулсан. Өмнө нь 2014 онд дархан аварга цолтой хоёр бөх гурвын давааг үүн шиг удаан хугацаагаар саатуулсан удаатай.
Хэл амны бай болоод буй Э.Оюунболдын аварга цолыг түүний нутгийн ах, зөвхөн зургаа дахь Ерөнхийлөгч шийдэх юм билээ. Цол хураах зарлиг гардаг л юм бол Э.Оюунболдын зүгээс цааргалахгүй гэдгээ өчигдөр хэлнэ лээ.
Уг бөхийн хэрүүл маргааныг шийдэх тун амархан харагдаж байна. Бас болоогүй. Тавын давааны нэгэн барилдаан бөх сонирхогчдыг талцуулж ид байна. Улсын аварга Э.Оюунболд барилдаанаа түр зогсоогоод буруу харан алхтал учраа бөх болох аймгийн арслан Э.Нямаа араас нь тэвэрч аваад унагажээ. Монголчууд бөхчүүдээ жудагтай байгаасаа гэж хүсдэг авч энэ бол өрсөлдөөн. Угтаа бол засуул зогсоогоогүй байхад барилдаан үргэлжилж байв. Дүрэм нь тийм юм.
Манай үндэсний бөхийн барилдаанд ийм явдал гарсан нь ганц энэ биш. Тэгтэл дүрмийн дагуу овсгоо гарган давсан залууг үзэгч түмэн элдвээр хэлж байх юм. Ингэж болохгүй. Өндөр цолтой бөх барилдмааргүй байвал буруу харна гэсэн дүрэм аль ч спортын төрөлд байхгүй билээ.
Э.Оюунболд аварга олон таагүй үйлдэл гаргаж, үзэгч олноос бишгүй шүүмжлэлтэй тулгарсан тул дахин барилдах нь түүнд тус биш ус болохыг мэдэж тахимаа өгөхөөс өөр арга байсангүй. Ер нь энэ жилийн наадам аваргуудад тун халгаатай боллоо. Наадам эхэлсэн өдрөөс допинг хэрэглэж барилдах эрхээ хасуулсан аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нарыг өнжөөж, аварга Э.Оюунболд, Ц.Содномдорж нарын маргаан, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын эрт өндөрлүүлсэн амжилт гээд аварга, арслан цолтой бөхчүүдэд тун халгаатай наадам болж өнгөрсөн гэлтэй санагдлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)