Улсын баяр наадамтай дүйцэхгүйц “Үндэсний бөх-Өв соёл” хүчит 512 бөхийн барилдаан Хүйн долоо худагт хоёр дахь өдрөө болж байна. Энэ баяр наадамд сумын цолтой болон залуу бөхчүүд багтаагүй нь улам сонирхолтой болгож байна. Харин өндөр цолтонгуудаас аварга Ч.Санжаадамба ирж барилдаагүй нь нэг тийм. Тэр зодоглоогүй шалтгаанаа тайлбарлаагүй юм. Тэгтэл баяр наадмыг хамгийн ихээр хурцалдаг хоёр хүчтэн маань ч өнөө жил өнжих нь.
Аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нар өнгөрсөн жил допингийн шинжилгээнд бүдэрсэн тул ирэх жилээс нааш барилдах боломжгүй юм байна. Мөн Б.Пүрэвсайхан заан ч зодоглосонгүй. Учрыг тодруулахад тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ховд аймагт болсон барилдааны үеэр мөрөө хүнд бэртээжээ. Тэгэхээр өнжих нь аргагүй. Харин Э.Оюунболд энэ наадамд барилдаж байгаа нь хүмүүст сонин байх шиг.
Барилдах эрх нь сэргэсэн боловч хамгийн гол нь аварга цолтойгоо зодоглож буй нь тун хачирхалтай. Түүний аварга цол энэ наадамд баталгаажиж байна. Э.Оюунболд МҮБХ-ноос зохион байгуулж буй албан ёсны барилдаанд анх удаа цолоо дуудуулах нь энэ байж. Үүнээс хойш тэр аварга цолтойгоо барилдах нь тодорхой болов.
Ер нь өнөө жилийн 512 хүчитний барилдаан тун шимтэй болох янзтай. Нэгийн даваанд улсын цолтой 14, хоёрын даваанд улсын цолтой 27 бөх наадмаа эрт өндөрлүүлж байна. 512 бөхтэй наадамд аймгийн начин цолтон хасагдсан түүх өмнө нь гараагүй. Гэвч ганц ч цэрэг энэ наадамд багтаагаагүй нь зарим бөхөд хүнд тусав. Улсын цолтой зарим нь тушаал авсан цэргийн буянаар хоёр давдаг байсан нь нууц биш.
Энэ жил цэрэггүй, цолгүй наадам тул гурвын даваанд зарим бөхийг тунаанаас гаргадаг дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням тэргүүтэй арслан Х.Мөнхбаатар гарьд И.Доржсамбуу, Д.Рагчааг харцага Г.Элбэг, Д.Батболд нараас авахуулаад өөр олон ахмад бөх өнжих шалтгаан болох шиг. Өнөөдөр гурвын даваанд 128 бөх барилдахаас улсын цолтой 67 бөх ам авч барилдах билээ.
Нэгэн сонирхолтой явдал. Энэ наадамд аймгийн хурц арслан цолтой барилдах байсан Б.Суманчулуун начин цолны эрэмбэтэй барилдав. Тэрбээр өнгөрсөн жил допинг хэрэглэсэн аварга Н.Батсуурьт тавын даваанд унасан юм. Хэрэв допинг хэрэглэсэн бөхөд унасан гэж түүнд цол олгож байгаа бол Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт унасан М.Бадарчид гарьд, Ц.Одбаярт заан, Ц.Мөнхбаяр, Б.Орхонбаяр, Ш.Пүрэвгарьд харцага, Ц.Сандагдорж нарт ч цол олгох учиртай юм. Гэвч Б.Суманчулуунд начин цол олгож, бусад бөхчүүд өмнөх цолоороо барилдаж буй нь шударга бус үйлдэл.
Б.Суманчулуун энэ баяр наадамд улсын цолтой бөхийн эрэмбэд бүртгүүлсэн байна. Улсын цол олгох болон нөхөн олгох зарлигийг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч гаргадаг хуультай. Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын аль нь ч түүнд цол олгох тухай зарлиг гаргаагүй билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө Сутай хайрханыг тахих үеэр хүчит бөхийн барилдаан болоход Б.Суманчулуун начин цолтой барилдаж байв. Б.Суманчулууныг начин цолтой барилдахад хүмүүс тэр бүр анзаараагүй өнгөрсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тахилга наадмын үеэр цол олгоогүй л бол хэн гэгч эрх мэдэлтэн түүнд улсын начин цол олгосон нь их сонин байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)