Монголын сур харвааны хамгийн ахмад эмэгтэй тамирчин бол Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Монгол Улсын дархан мэргэн Дашнямын Бор-Охин юм. Тэрбээр Ардын хувьсгалын 54, 58, 66 жилийн ойн баяр наадам, 1979 болон 1983 онд болсон Бүх ард түмний V, VI спартакиадад түрүүлсэн харваач билээ. Тэр одоо ч сурынхаа алтан зурхайдаа цэц мэргэнээ сорьж буй. Нум сум харвах нь энэ өндөр насан дээр хичээллэх амаргүй зүйл юм. Д.Бор-Охин гуай өдгөө 80 насны босгыг давсан ч зон олноо хүндэтгэн 48 дахь жилдээ нум сумаа ившээлгэж байгаа нь бахархууштай.