Сэлэнгэ аймгийн баяр наадам Баянгол суманд болж байна. Баяр наадамд МҮБХ-ноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу улсын цолтон бүртгэхгүй юм. Аймгийн арслан Ж.Ганзориг, А.Амараа, Э.Саранбаатар, Б.Сүхбаатар нарын тэргүүлсэн барилдаанд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Алдар” спорты хорооны бөх, аймгийн Даваадоржийн Төрболд түрүүлж, хурц чимэг нэмлээ.
Тэрбээр өнгөрсөн жил тус наадамд түрүүлж арслан цол хүртэж байв. Харин үзүүрт сумын заан О.Төрбат үлдэж, аймгийн заан цол хүртсэн бол их шөвөгт аймгийн харцага Х.Наранбаяр, сумын заан С.Одхүү нар шалгарлаа. Энэ баяр наадамд сумын заан С.Одхүү тав давж аймгийн начин цол хүртсэн бөгөөд түүнд Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооноос даага бэлэглэв.
Б.Жаргал