ОУХБХ-ны хөлбөмбөгийн шигшээ багуудын чансаа өчигдөр гарлаа. Зургаа болон долдугаар саруудад чансаа шинэчлэгдээгүй тул энэ удаа тавдугаар сарын 24-ны өдрөөс хойш болсон олон улсын чанартай 350 гаруй тоглолтыг үндэслэж, чансааг гаргасан юм. Зургадугаар сарын 7-нд ДАШТ-2022 болон ААШТ-2023 урьдчилсан шатны "F" хэсгийн сүүлийн тоглолтоо өөрсдөөсөө чансааны илүү Киргизийн шигшээ багийг 1:0-ийн харьцаатайгаар хожсон нь чансаанд нөлөөлсөн байна. Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192-р байрт жагсаж байсан бол өчигдөр гаргасан чансаанд 185 дугаар байрт бичигдлээ. Дараагийн ОУХБХ-ны шигшээ багуудын чансаа есдүгээр сарын 16-нд гарах юм.