2008 он. 13 жилийн өмнө урд хөршийн нийслэл Бээжин хотод зуны олимпын наадам сүр жавхлантай болоход монголчууд хамгийн оргил спортын амжилтаа угтан авсан билээ. Тэрхүү олимпод манай багийн анхны шуугианыг тарьсан хүн бол буудлага спортын тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа байв.
Тэр 13 жилийн өмнөх энэ өдөр Бээжингийн олимпын галын шугамд онцгой мэргэн байсан, мөнгөн медаль авахыг нь дэлхий даяар харсан. Бууных нь гайтай гох гацаагүй бол тэр гарцаагүй олимпын аварга болох байв. Тэрхүү өрсөлдөөнийг үзсэн хэн бүхний зүрх сэтгэлд О.Гүндэгмаа алтан медальтан. Тэр дайчин бүсгүй. Цагтаа Монголын буудлагын төдийгүй спортын манлай явсан түүгээр бүгд бахархаж байна.
“Бээжин-2008” олимпын наадмаас Монголын багийн анхны медалийг гардахад монгол хүн бүр магнайгаа хагартал баярласан нь лавтай. Тэр олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн анхны монгол эмэгтэй тамирчин болсон. Түүний анхдагч амжилт булган сүүлтэй байж, араасаа олимпын “ихэр аварга”, нэг мөнгөн медаль дагуулсан.
Хэдхэн хоногийн өмнө долоо дахь олимпын наадамдаа цэц мэргэнээ сорьсон бөгөөд энэ нь Монголын түүхэн дэх дээд амжилт. О.Гүндэгмаа 18 настайдаа анх “Атланта-1996” олимпын наадамд ах, эгч нартайгаа хөтлөлцөн оролцож, түүнээс хойш “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” олимпын галын шугамд цэц сорьсон цуут тамирчин билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)