Хөвсгөл аймгийн баяр наадам сайхан болж, шинэ арслан төрлөө. Уйлган голынхон түүгээр бахархав. Тэгэхээс ч аргагүй юм. Тэр бөх хэний хэн бэ?
“Гарлаа, өрлөө, давлаа” хэмээн зон олондоо алдаршсан цуут бөх, дархан аварга Д.Дамдины ач, уран барилдаант гарьд Д.Баяраагийн хүү Б.Төрмагнай энэ өдөр наадмын түрүү болох учиртай байжээ. Уугуул нутгийнхаа баяр наадмын манлай болж, хөвсгөлчүүдийнхээ магнайг сая нэг тэнийлгэв. Түүний өвөө их аварга Д.Дамдин халхын дэвжээнд олон хүчитний манлай болж, ёстой л халханзаж явсан их хүмүүн байлаа. Аав нь ч шаггүй сайн бөх. Том цолтой бөхөөс айж имээнэ гэж даанч үгүй.
Тиймдээ ч Б.Төрмагнайг 10 жилийн өмнө нутгийн баяр наадамдаа улсын начин М.Эрдэнэбатаар зургаа давж харцага цол авахад нь чамлах хүн олон байсан юм. Цолондоо элбэгдсэн бөх гэвэл түүнийг хэлэх биз. Түүнээс хойш олон ч наадмыг тааруу амжилттай орхиж байв. “Хайран удамт хүү харцагаараа дуусах нь” гэж түүнд хүмүүс ил нэг хэлж, далд нэг зэмлэнэ. Түүнд ингэж хэлүүлэх нь сайхан санагдаагүй нь лавтай.
Мөн түүнтэй бэлтгэл сургуулилт хамт хийж байсан нөхөд нь гэвэл аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва юм. Бэлтгэл дээр бол тэдэнтэйгээ өгөө аваатай барилдаж явсан гэдэг. Үеийнх нь бүгд улсын өндөр цолонд хүрсэн, харин Б.Төрмагнай харцага цолтойгоо. Гэвч түүнд наадмын дэвжээ арай хатуу тусдаг. Бэртэл гэмтэл ч түүнийг тойроогүй. Гэхдээ тэр босоод л ирсэн. Бөхийн замаасаа хэзээ ч няцаагүй.
Заал танхимын барилдаанд үргэлж зодоглодоггүй ч таарсан учраа бүртээгээ тал засахгүй шударга үздэг нь сайхан харагддаг шүү. Бөх гадарлах нэг нь түүнийг мэдэх байх. Уналаа гээд тэр гонсойдоггүй, давлаа гээд биеэ тоосон үе түүнд байгаагүй билээ. Б.Төрмагнай өнөө жил 35 хүрнэ. Бөх хүнд бол залуудаа орох нас биш ч түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг наадмын аз од өчигдөр тултал ивээлээ. Одоо тэр удамт бөх гэж дуудуулахад зовох зүйл үгүй боллоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)