“Токио-2020” олимпын наадамд манай ууган спортын нэг болох чөлөөт бөхийн шигшээ багаас Б.Болортуяа хүрэл медаль, дөрвөн тамирчин тавдугаар байрт шалгарлаа. Монголын чөлөөт бөхийн нядахнууд энэ олимпод нийлбэр амжилтаараа дөрөвдүгээр байр эзэлсэн. Чамлах амжилт биш. Москвагийн олимпоос хойш найман олимпод оролцохдоо манай чөлөөтийнхөн ийм өндөр амжилтыг үзүүлээгүй билээ. Тур тусмаа Б.Болортуяа “Лондон-2012” олимпоос хойш есөн жил тасарсан хүрэл медалийг авсанд талархаад барашгүй. Энэ гавьяа одоогийн чөлөөт бөхийн шигшээ багийн сургалт, дасгалжуулалт зөв яваагийн шинж. Мөн ахлах дасгалжуулагч Б.Баттулгатай салашгүй холбоотой. “Москва-1980” олимпоос хойш 41 жилийн хугацаанд найман олимпод Монголын бөхчүүд ердөө дөрвөн удаа медалийн төлөө барилдсан байдаг.
Тэр нь 1988 онд Л.Энхбаяр, 1992 онд П.Сүхбат, 2012 онд С.Батцэцэг хүрэл, 2016 онд Г.Мандахнаран нарын дөрвөн хүн хүч үзсэн. Лондоны олимпоос С.Батцэцэг хүрэл медаль авсан ч энэ удаагийнх шиг нэг хүрэл шагналт дөрвөн байр тэр олимпод гараагүй юм.
Энэ олимпын шигшээ багийг дасгалжуулагч Б.Баттулга ахалж өндөр гавьяа байгуулсан. “Токио-2020” олимпын гавьяа түүнийх. Түүнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч болохоос өмнө “Сөүл-1988” олимпын мөчлөгт Б.Болд, “Барселона-1992”-д А.Басхүү, “Атланта-1996”-д З.Ойдов, “Сидней-2000”, Ч.Дамдиншарав, “Афин-2004”-д Ч.Дамдиншарав, “Бээжин-2008”-д Ц.Төмөрбаатар, Ц.Сэрээтэр, “Лондон-2012”-д А.Цэдэнсодном, “Рио-2016”-д Ц.Цогтбаяр, Б.Батбаяр нар ажиллаж байв. Тэд “Токио-2020” олимпын наадамд Б.Баттулгын ахалсан шигшээ багийн амжилттай дүйцэх амжилтыг үзүүлээгүй юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)