Индонез улсад сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-29-нд болох бөгөөд Монгол Улсын шиг баг харамсалтай нь оролцохгүй нь. Энэ асуудлаар “Хасын хүлэгүүд” багийн ахлагч, ОУХМ Б.Билгүүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Манай сагсчид Азийн АШТ-д ямар учраас оролцоогүй вэ?
-Тивийн аварга шалгаруулах тэмцээнд тоглохын тулд урьдчилсан шатны тоглолтуудад оролцох шалгуурыг эхэлж хангах ёстой байдаг. Яг хөлбөмбөгтэй адил. Гэвч бид урьдчилсан шатанд тоглож чадаагүй.
-Шалтгаан нь?
-Сагсан бөмбөгийн холбооны удирдлагын түвшний маргаан. Энэ асуудлаас болж олон боломжоо алдаж байна.
-Яавал манай баг тивийн тэмцээндээ оролцох боломж бүрдэх вэ?
-Мэдээж холбоо нь эрхгүй чадамжтай, олон улсын холбоондоо хүлээн зөвшөөрөгдсөн байж. Гэхдээ нэн даруй шийдэх нэг гарц байна. Тэр нь холбооны маргаан шийдэгдтэл МҮОХ түр хариуцаад явбал оролцох боломж гарах юм билээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав нар FIFA-тай ойр харилцдаг болохоор батлан даавал шийдэж болно. Ийм боломж байна. Хамгийн гол нь сагсчид нэгдмэл байр суурьтай байх нь чухал. Холбооны шүүхийн маргааны асуудлыг харна гэвэл хугацаа дэмий алдана гэсэн үг. Тэд бараг найм жил маргалаа. Энэ хугацаанд тамирчид хамгийн их хохирч байна.
-Энэ байдал цааш үргэлжилбэл гарах үр дагавар нь?
-Бид яах вэ. Ганц хоёр жилдээ тэмцээн уралдаанд оролцоод болих тийшээ хандах биз. Хамгийн чухал нь биднийг залгамжлан гарч ирэх залуус хайран байна. Энэ асуудал ужгирч дараагийн үеийн тоглогчдод саад болвол утгагүй юм. Тиймээс сагсчид цаашид талцаж болохгүй. Сагсан бөмбөгийн холбоо маань олон улсад сагсчидаа төлөөлөх эрх зүйн чадамжтай байх нь маш чухал байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)