“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монгол Улсын олимпын 29 дэх медалийг авчирсан Саейд Моллайн ярилцлагыг хүргэж байна.
-Танд халуун баяр хүргэж, сэтгэгдлийг тань сонсоё?
-Монголын ард түмэндээ баярлаж байгаагаа илэрхийлье. Надад их эрч хүч өгсөнд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Бид бүгд нэг баг. Үүний үр дүнд медаль авч авлаа. Бүх зүйлээс Монголын ард түмнийг баярлуулж чадсандаа л их баярлаж байна. Би олон хүнд баярлалаа гэж хэлэх ёстойгоос Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгад талархсанаа илэрхийлж байна. Мөн шигшээ багийн дасгалжуулагч нартаа баярлалаа.
-Энгэр дээрх Монголын далбааг хуруугаараа зааж, медалийн баяраа тэмдэглэсэн чинь сайхан сэтгэгдэл төрүүллээ?
-Би монголд ирээд танай улсын иргэн болсон. Тэр мөчөөс эхлэн энэ эх орны тугийг өргөх амлалт өгсөн. Мөн Монголын бусад тамирчид ч олимпын тэнгэрт эх орныхоо тугийг мандуулах гэж чадах бүхнээ зориулсан.
-Олимпын наадмаас медаль хүртэх хүртэлх спортын замналаа цөөн үгээр хариулбал?
-Би жүдо бөхөөс өмнө самбогоор хичээллэдэг байсан. Энэ төрөлдөө аварга болж байсан. Тэгээд самбогоос хоёр жилийн чөлөө аваад 2008 оны Бээжингийн олимпоос хойш жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Ойролцоогоор 12 жил жүдо бөхөөр хичээллэж байна. Энэ хугацаанд байж болох бүхий л медалийг хүртлээ. Миний авсан нийт медаль дундаас хамгийн гайхалтай амжилт нь Монгол Улсын нэрийн өмнөөс авсан олимпын мөнгөн медаль байлаа.
-Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
-Одоо та бүхэн бүгд мэддэг болсон байна. Иранаас хүчээр гарсан гэж хэлмээргүй байна. Тэндээс гарсан хойш дахин нутаг буцаж чадаагүй. Ер нь өөртөө тавьсан зорилго байсан. Гэхдээ Исламын бүгд найрамдах Иран улсын систем надад боломж олгоогүй. Тэрхүү зорилго нь олимпын медаль авах байлаа. Тийм болохоор эх орноо орхиж, эргэж буцахгүйгээр шинэ амьдрал эхлүүлж, босох шаардлагатай болсон. Маш олон хүн надад тусалж, намайг дэмжсэн.
Тэр тусмаа Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбооны тусламжтайгаар Монгол Улсын иргэн болоод энэ амжилтанд хүрлээ. Болсон бүх үйл явдлыг эргэн тайлбарлана гэвэл барагдахгүй. Товчхондоо бол маш хүнд нөхцөл байдалд хүрсэн. Өөрт байсан бүх зүйлээ алдсан. Гэр бүл гэх мэтчлэн. Тийм болохоор энэ медаль олон хүнийг баярлуулна гэдэгт итгэж байна. Монголын ард түмэн би та нарт хайртай.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)