“Токио-2020” зуны олимпын наадмын боксын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн Мөнхбатын Мягмаржаргалтай ярилцлаа.
-Аян зам нь өлзийтэй сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ.
-Өндөр босготой олимпын рингэнд хүч үзсэн Монголын анхны эмэгтэй боксчин болсон танд халуун баяр хүргэе. Олимпын рингэнд гарахдаа бэртэлтэй байсан ч шүд зууж гурван раундыг амжилттай давж чадсан таниар бахархаж байна?
-Баярлалаа. Олимпын наадамд эмэгтэй боксчдынхоо олон жилийн хүсэл мөрөөдлийг өвөрлөн оролцсондоо баяртай байна. Энэ их хувь заяа юм. Бас өндөр хариуцлага байлаа. Миний мөрөө үлдээсэн энэ замаар Монголын маань мянга мянган эмэгтэй боксчид медальтай ирэх болтугай.
-Бэлгэ дэмбэрэлтэй сайхан ерөөл байна. Та олимпын бэлтгэлээ хэрхэн хангаж эндээс явсан бэ?
-М.Буянжаргал багшийнхаа удирдлага дор тэсвэр тал дээрээ илүү төвлөрч бэлтгэлээ хангасан даа. Буянаа багш олимп яваагүй ч надтай утсаар өдөр бүр ярьж, намайг хурцал байсан. Харин бэлтгэл хангагчийн хувьд Э.Эрдэнэтуяа, М.Намуун, У.Шинэцэцэг нартайгаа бэлтгэлээ базаасан. Тэд надаас жин бага хэдий ч чадах ядахаараа тусалж дэмжсэн. Охиддоо их баярлалаа, хайртай шүү.
-Уучлаарай нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Та “MGL” гэсэн бичиггүй өмсгөлтэй олимпын рингэнд гарсанаа тайлбарлахгүй юу?
-Асуугаасай ч гэж бодож байлаа. Тэмцээн зохион байгуулах хорооноос “логотой хувцастай тамирчныг рингэнд гаргахгүй” гэсэн юм. Харамсалтай юм болсон. Тулааны өмнө ийм асуудал гарсан болохоор сандарсан тал бий. Зарим хүн энэ асуудал дээр намайг буруугаар ойлгосон шиг байгаа юм. Тамирчин хүн олимпын нэр хүндтэй энэ дэвжээг хүндлэх ёстой. Би яг ингэж бодож явдаг. Хүний газар Монголынхоо далбаатай өмсгөлтэй гарахыг мэдээж бодно. Гэвч хувцасны стандарт нь нийцээгүй юм.
-Өмсгөлөө тэгээд яаж зохицуулав?
-Тэмцээн зохион байгуулагч талаас өмсгөл түр өгч, би тулаанаа дуусгасан. Дараа нь эргүүлж өгсөн.
-Та тун хүнд сугалаа татсан. Өрсөлдөгчийнхөө талаар юу хэлэх вэ?
-Миний өрсөлдөгч спортын олон талын авьяастай, их алдартай хүн юм билээ. Би түүний зөвхөн боксын арга барилыг нь судалсан. Гэтэл тэр Английн хөлбөмбөгийн лигт амжилттай тоглож, кикбоксын дэлхийн аварга хэмээх эрхэм цолтой нэгэн байсныг дараа нь мэдсэн. Багш нар хэлээгүй нь ч болсон. Би өмнө нь дэлхийн медальтай хүнтэй тулалдаж явсан ч Англи бүсгүй тэднээс тэс өөр байлаа.
-Тэр юугаараа өөр гэж?
-Бусдаасаа илүү хурдтай хэрнээ маш хөнгөн тулалддаг тамирчин. Энэ чадвар нь надад үнэхээр таалагдсан.
-Үзэгчгүй олимп танд ямар мэдрэмж төрүүлэв?
-Олимпын наадамд анх удаа орж байгаа болохоор надад нам гүм байдал нь амар санагдсан. Дасгалжуулагчийн хэлсэн зөвлөгөө тод сонсогдох нь аятайхан юм.
-Олимпын рингэнд өнгөрүүлсэн 9 минут танд хэр хурдан санагдав?
-Дэндүү хурдан. Санасан бодсоноо бүрэн гаргаж амжаагүй байхад цаг дууссан. Үнэндээ их сандарлаа.
-Цар тахлын үед болж байгаа болохоор энэ олимп олон талын онцлогтойгоор өрнөж байна. Олимпын наадамд оролцогчид дэглэмээ хэрхэн сахиж тэмцээн уралдаанд оролцож байв?
-Японы Шимада хотод тав хоног бэлтгэл хийгээд өнгөрсөн сарын 21-нд Токио руу очсон. Олимпын үеийн дэглэм бол маш чанга. Олимпод оролцогчид бэлтгэлийн заал болон хоолны танхим, зочид буудлаас өөр газар явах нь хориотой. Ингэж байж газар газраас ирсэн хүмүүсийг халдварт өвчинд нийтээр нь өртүүлэхгүй байлгаж чадаж байгаа биз ээ. Мөн зохион байгуулалт нь үнэхээр гайхамшигтай.
-Олимпын наадамд оролцох үед хамгийн таагүй зүйл нь юу байв?
-Тамирчин хүн олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр олимпод оролцдог. Газар газрын бүх тамирчин адил. Тэд эх орныхоо нэр алдрыг өндөрт мандуулах гэж цаг ямагт хичээж явдаг хүмүүс. Тамирчдаа ялахад нь уухайлан угтдаг сайхан сэтгэлтэй түмэн олон минь ялагдахад нь элдэв муухай үгээр бүү зэмлээрэй гэж хүсье. Олимпын наадамд анх орсон надад их айдас төрсөн нь хаанаас хэн доромжлох бол гэсэн бодол л хамгийн хүнд туссан. Та бүхний минь урмын сайхан үгс бидэнд олимпын медалиас дутуугүй сэтгэлийн том бэлэг байдаг юм шүү.
-Тэгвэл хамгийн сайхан дурсамж нь?
-Олимпын ордонд Монгол гэж дуудуулан гарч ирэх хамгийн сайхан. Бас улсынхаа далбаан дор олимпын нээлтийн жагсаалд алхаж явах сайхан байлаа.
-Эцэст нь юу хэлэхийг хүсч байна вэ?
-Надад үргэлж тусалсаар ирсэн бүх багш нартаа баярлалаа. Бас Биеийн тамир, спортын улсын хорооны бүх ажилтан албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийлье. Миний гэр бүл, дотны нөхөд, энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүнд баярлаж явдагаа хэлье.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)