“Токио-2020” олимпын наадам дөрөв хоногийн дараа өндөрлөнө. Монголын олимпын багийн тухайд зургаан тамирчин тэмцээн уралдаандаа оролцох бол 37 тамирчин олимпоо өндөрлүүллээ. Тэгвэл өнөөдөр олимпын марафон гүйлтийн төрөлд эх орноо төлөөлөн уралдах Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар Токио хотын зүг хөлгийн жолоо залав. Энэ төрөлд манайхаас гурван тамирчин хурд сорих бөгөөд гавьяат тамирчин Б.Сэр-Од японд бэлтгэлээ хангаж байгаа юм.
Б.Сэр-Од таван олимпод гүйсэн туршлагатай нь дээр Берлин, Лондоны марафоны шилдэг 10 гүйгчийн нэг, Азийн АШТ-ий алт, мөнгөн медаль, Фүкүокагийн марафоны хүрэл, Осакагийн марафоны алтан медальтай тамирчин юм. Харин Ц.Бямбажав Чиндаогийн марафоны аварга, Донггуаны марафоны хүрэл медальтай бол Б.Мөнхзаяа Австралийн олон улсын марафоны IV байр, Осакагийн марафоны шагналт байрт орсон тамирчин билээ. Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар хоёр дахь олимпдоо оролцох гэж буй нь энэ. Тэд энэ сарын 7, 8-нд 06:00 цагт гүйх юм.