“Токио-2020” олимпийн наадмын туялзуур сэлэмний тэмцээн өндөрлөлөө. Нийт 42 улсын 261 тамирчин 12 багц медалийн төлөө есөн өдрийн турш хурд, хүч авхаалж самбагаа сорив. Медаль авсан 13 улсын жагсаалтыг нийт гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль авсан ОХУ-ын Олимпийн хорооны баг тэргүүлэв. Францууд хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэлтэй удаалсан бол БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан амжилтаар гуравдугаарт эрэмблэгдлээ.
Япончууд нутгийн дэвжээн дээрээ анхны сэлэмний алтан медалийг хүртсэн бол хамгийн олон буюу 24 сэлэмчинтэй оролцсон Италичууд гурван мөнгө, хоёр хүрэлтэй гэртээ буцлаа. БНХАУ-ын сэлэмчид энэ удаад нэг алтан медаль авсан бол Хонгконгийн хөнгөн сэлэмчин шинэ түүхэн амжилт гаргаж алтан медалийн эзэн боллоо.