“Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн наймын тулаан "Кокүгикан" ордонд болно.
Манай улсаас ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар Оросын тамирчин Алберт Батыргазиевтай медалийн төлөөх тулаанаа хийх юм. А.Батыргазиев бол мэргэжлийн рингэнд гурван тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бөгөөд олимпын аварга болсоныхоо дараа мэргэжлийн бокст шилжих хүсэлтэй нэгэн. Гэхдээ манай Цэндээ олимп, ДАШТ-д тоосоо өргөж, тивдээ босоо яваа боксчин. Энэ хэсэгт Кубын Ласаро Альварес, Тайландын Чатчай Бутди нар шөвгийн наймд таарсан. Гавьяат Э.Цэндбаатар орос тамирчныг ялахад энэ хоёрын ялсантай мөнгөн медалийн төлөө таарна.
Ласаро Альварес бол Лондоны 2012 олимпын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Панамерикийн хошой аварга юм. Тэрбээр хагас мэргэжлийн World Series Boxing лигт 7 тулалдан, 6 ялж, Азербайжаны Альберт Селимовт эргэлзээтэй шүүлтээр ялагдсан юм.
Харин Чатчай Бутди бол 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, Зүүн Өмнөд Азийн наадмын гурван удаагийн аварга, Лондон, Риогийн олимпын наадамд оролцож байв.