“Токио-2020” олимпын наадмын хүнд сэлэмний эрэгтэйчүүдийн багийн төрөл дэлхийн шилдэг найман багийн хооронд болж, дүнгээ гаргав. Шигшээ тулаанд Японы баг ОХУ-ын Олимпын хорооны багтай тулалдаж 45-36 онооны харьцаагаар ялалт байгуулав.
Энэ нь Японы сэлэмний анхны олимпын алтан медаль юм. Өмнө Японы Юки Ота “Лондон-2012” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан ба “Токио-2020” наадмыг Япон улсад зохион байгуулах эрхийг авахад томоохон үүрэг гүйцэтгэж чадсан билээ. Японы хүнд сэлэмний шигшээ багийн дасгалжуулагчаар Украины Александр Горбачук 10 гаруй жил ажиллаж байгаа юм. Түүний шаргуу хөдөлмөр, сургалтын арга барил Япон залууст гайхалтай зохицож олон амжилтыг бүтээсний дундаас олимпын алтан медаль онцгой юм. Финалын тулаанд хуучин ЗХУ-ын туялзуур сэлэмний сургуулийн үндсэн техниктэй багууд шалгарсан нь сонгодог хэлбэрийн сургалт хүчтэйг харуулсан үйл явдал боллоо.
Японы шигшээ багийн бүрэлдэхүүнд Кано Коки, Уяама Сатору, Ямада Масуру болон манай сэлэмчдийн хамгийн сайн танил Минобэ Казуяса нар багтсан. Оросын шигшээд Сергей Бида, Никита Глазков, Сергей Ходос болон туршлагтай сэлэмчин Павель Сухов нар байлаа. Павель Сухов өөрийн бүх тулаандаа ялж багийнхаа шилдэг нь байв. Хүрэл медалийн төлөөх тулаанд Рио-2016 наадмын аварга PARK Sangyoung ахлагчтай Өмнөд Солонгосын баг Хятадын багийг 45-42 харьцаатай ялав.