МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажилллаж байсан Н.Түвшинбаяр начин Э.Энхбатын биед нь хүнд гэмтэл учруулан улмаар албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ. Одоо түүний түр орлон гүйцэтгэгчээр дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Наранбаатар ажиллаж байна. Тэрбээр манай сайтад өгсөн ярилцлагадаа МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаа ирэх сарын 23-нд товлосон бөгөөд дараагийн Ерөнхийлөгчийнхөө асуудлыг хэлэлцэнэ хэмээж байсан юм.
Тэгвэл тус хорооны дараагийн тэргүүн хэн байх нь олны анхаарлын төвд байна. Үүгээр ч барахгүй сонгогдох магадлал өндөр гэсэн хүмүүсийн нэр ч аль хэдийн яригдаад эхэлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг олимпын аварга Н.Түвшинбаярын оронд МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр очих магадлал өндөр хүнээр нэрлэсэн байна лээ. Өөрөө ч спортын хүн. Төрийн тэргүүнээр ажиллаж байх үедээ ч тамирчидтайгаа ойр дотно байж дэмжсээр ирсэн, мэргэжлийн хүн гэдэг утгаар ийн орж байгаа аж. Мөн Токио-2020 олимпыг угтаад нэр хүнд нь ч улам их өсөж байна.
Юу гэвэл, түүний “авчирсан” Ираны бөх Саейд Моллай дэлхийн хүн гэдгээ дахин нотолж жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг-ын жинд мөнгөн медаль хүртэж тэр өөрөө ч, Монгол Улс ч дэлхийд гоё харагдаж чадлаа. Одоогоор төрийн далбаагаа Токиогийн дэвжээнд гурвантаа мандуулаад байгаа нь бүгд жүдогийн төрлөөр шүү дээ.
Дараагийн магадлалтай хүнээр Ерөнхий консул асан, сүүлд Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Э.Мөнх-Очир яригдаж байна. Э.Мөнх-Очир бол Х.Баттулгын ойрын хүн нь. Тиймээс экс Ерөнхийлөгч өөрийн хүнээ дэвшүүлэх үү, өөрөө дэвшихээр хүч үзэх үү гэдгээ мэдээж тохиролцох нь дамжиггүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (11)