“Токио-2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд манай тамирчин Саейд Моллай мөнгөн медаль хүртэж, олимпын медальт Монголын 29 дэх тамирчин болсон. Түүний энэхүү амжилт монгол түмэнд их баяр авчирч, баг тамирчдад урам зориг өгч буй нь лавтай. Түүнд өчигдөр Олон улсын жүдо бөхийн холбооны удирдлагууд баяр хүргэжээ.
Саейд Моллай бол спортын шударга өрсөлдөөн, тамирчны хүний ёс зүйтэй зан чанарыг дэлхий даяар үлгэрлэн харуулж буй гавьяатан. Иймд түүнийг онцлон хүлээн авсан буйзаа.
Моллай аварга энэ оны хоёрдугаар сард болсон Тель Авивын их дуулга тэмцээнд Монголыг төлөөлж ганцаар дэвжээнд гарсан. Хамаг хүчээ гарган барилдсан ч харамсалтай нь медаль аваагүй. Цар тахлын улмаас манай тамирчид энэ тэмцээнд зодоглоогүй юм.
Тэгвэл түүнийг олимпын татамид од болон гялалзах нөхцөл боломжоор хангаж өгсөн эрхэм бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдгийг хүмүүс мэддэг болсон. Түүний энэхүү гавьяа зүтгэлийг Олон улсын жүдо бөхийн холбооны удирдлагууд сайшаан магтаж байна.
Х.Баттулгыг жүдо бөхийн холбоог авсан цагаас олимпын амжилт тасраагүй юм. Монголын жүдочид өнгөрсөн 10 жилийн хугацаанд гурван олимп (Лондон-2012 Н.Түвшинбаяр, Рио-2016 Д.Сумъяа, Токио-2020 Саейд Моллай)-оос дараалан мөнгөн медаль авсан нь энэ цаг үедээ тэргүүн амжилт болно.
Бээжингийн олимпыг эс тооцвол шүү дээ. Мөн жүдочид олимпын наадмын 11 дэх медалиа хэдхэн хоногийн өмнө гардаж, Монголын багийн хамгийн олон медальтай байсан чөлөөт бөхийн өмнө анх удаа гарлаа. Уг нь “Мехико-1968” олимпын наадмаас манай чөлөөт бөхийн тамирчид нэг дор дөрвөн медаль хүртэж, өдгөөг хүртэл есөн медальтай тэргүүлж байв.
Монголын жүдог Х.Баттулга авсан цагаас амжилт нь үсрэнгүй хөгжсөн. Маргах хүн гарахгүй болов уу. Тэр Монгол Улсыг дэлхийн тавцанд сайхан харагдуулж байна.
Б.Жаргал