Испаний алдарт клуб Реал Мадрид болон Английн Премьер лигийн 20 удаагийн аварга Манчестер Юнайтед клубууд Франц хамгаалагч Рафаэль Вараны шилжилт хөдөлгөөний тал дээр удтал ярилцсаны эцэст сая л тохиролцоонд хүрлээ.
Манчестер Юнайтед клуб нь шинэ төвийн хамгаалагч эгнээндээ элсүүлэхийн тулд эхний ээлжид 34 сая еврог төлөхөөр болсон бөгөөд Рафаэль Вараны тоглолтоос хамааран 8 сая еврог нэмж төлөхөөр хэлэлцжээ. Вараны хувьд энэ жил 28 настай бөгөөд төвийн хамгаалалтын байрлалд тоглодог. Тэрээр дараагийн дөрвөн жилийн турш Манчестер хотын багтай гэрээтэй байх юм. Манчестер Юнайтед клубийн мэдээлснээр Рафаэль Варан нь Англид ирмэгцээ хөл хорионд орох бөгөөд түүний дараагаар наймааны хамгийн сүүлийн үе шат болох эмчийн үзлэгээр орно.
Юнайтедийн шинэ цэрэг нь Исапний эзэн хааны багийн төлөө арван жилийн хугацаанд нийтдээ 360 тоглолтод оролцож клубийн хүрээнд боломжит бүхий л тэмцээнд түрүүлснээс гадна 2018 онд шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга болсон.
Реал Мадрид клуб нь тус наймааг үнэн гэдгийг мөн баталсан бөгөөд “10 жилийн турш бидний өмсгөлийг өмсөж мөн хамгаалж байсанд баярлалаа, цаашдын замналд нь болон гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн талархал илэрхийлжээ.
Рафаэль Варан нь улаан чөтгөрүүдийн энэ зуны гурав дахь наймаа болж байна. Тэдний өмнөх хоёр наймаанууд нь 3-р хаалгач Том Хийтон болон жигүүрийн довтлогч Жадон Санчо нар юм. Ялангуяа Жадон Санчог хэвлэл мэдээллүүд маш ихээр онцолж байгаа.
Өмнөх улирлыг 2-р байранд бичигдэж дуусгасан улаан чөтгөрүүд аваргын төлөө хүчтэй дайралт хийнэ гэдгээ тус наймаануудаараа маш ойлгомжтой харуулж байна. Манчестер Юнайтедын өмнөх дасгалжуулагчид болох Сир Алекс Фергусон болон Жозе Моуринью нар тус клубийн ахлах дасгалжуулагчийн албыг хашиж байх хугацаандаа Рафаэль Вараныг эгнээндээ элсүүлэхээр ажиллаж байсан ч тохиролцоонд хүрч чадалгүй бүтэлгүйтэж байсан. Мөн тэрээр 17 настай байхдаа Манчетер Юнайтед болон Реал Мадрид гэх хүндхэн сонголттой нүүр тулж байсан ч эцсийн мөчид эзэн хааны багийг илүүд үзсэн.
Түүний Испанид өнгөрүүлсэн цаг хугацааг эргэн санавал:
- 2013-2014 оны аваргуудын лигийн финалийн тоглолтод Испаний алдарт хамгаалагч Серхио Рамосын хамтаар төвийн хамгаалалтад тоглож нэг хотын баг болох Атлетико Мадрид клубийг 4:1 харьцаатай хожиж эзэн хааны багийн 10 дахь аваргуудын лигийн цомыг Мадрид хотод авч ирж байсан.
- Нутаг нэгт дасгалжуулагч Зинедин Зиданы удирдлага дор 2016-2018 оны хооронд гурван удаа аваргуудын лигт түрүүлж түүхэн амжилтын нэг хэсэг болсон.
- Гуяны арын булчингийн бэртлээс болж 2016-2017 оны улиралд бүтэн тоглож чадалгүй өөрийн хувьд хамгийн муу улирлаа өнгөрүүлсэн.
- 2017-2018 оны улирал түүний хувьд мөрөөдлийн гэмээр байсан бөгөөд дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг тодруулдаг Баллон Дор шагналыг санал асуулгаар 7-р байранд бичигдсэн. Мөн тус жилийнхээ UEFA-ийн нэгдүгээр багт нэрлэгдсэн.
- 2020-2021 оны улиралд Ла Лигийн хамгийн өндөр үзүүлэлттэй хамгаалагчаар тодорсон.
Сэтгэгдэл (2)