18 сарын хугацаанд олны нүднээс далд байсан Шохо Оно аварга Токио 2020 олимпын наадмын гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн жүдо бөхийн -73кг жинд барилдаж босоо байсаар түрүүллээ.
Тэрээр дэвжээндээ эргэн ирсэн гэдгээ тун ойлгомжтой бусдад харуулсан бөгөөд түүний эхний гурван өрсөлдөгчид бүгд нүдэндээ нулимстай дэвжээг орхиж байв. Эхний тойрогтоо Румын улсын бөх Александр Райкутай барилдаж хоёрдугаар тойрогтоо энэ оны ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны 9-р байранд эрэмбэлэгддэг Туркийн бөх Билал Чилоглуг даралтаар цэвэр ялсан. Харин түүний өрсөлдөгчийн хувьд тун харамсалтай байгаа гэдэг нь илт харагдаж байсан бөгөөд дэвжээнээс нүд дүүрэн нулимстай буусан.
А хэсгийн аваргын төлөө хуучны танил болох Азербайжаны Рустам Оружовтой учраа таарсан. Шохо Оно аваргын хувьд түүнтэй маш сайхан барилдаан таардаг гэдгийг нь 2016 оны олимпын алтан медалийн төлөөх барилдаан болон 2019 оны ДАШТ-ий финалын барилдаануудаас харж болно.
Шохо оно бол Япон улсаас (магадгүй олимпын түүхэн дэх) төрөн гарсан хамгийн шилдэг, дийлдэшгүй жүдоч гэдэгтэй маргах хүн одоо ховор бизээ. Түүний зогсоогдошгүй байдал нь хурд, хүч, олон төрлийн мэхнүүдийг дээд зэрэглэлд эзэмшсэн байдал, ямар ч жүдочид байхгүй төвлөрөх, сэтгэл зүйгээ хянах чадвар, түүний ард байх шигшээ багийн судалгаа хийж тактик боловсруулах ур чадваруудын нийлбэр билээ. Тэрээр 2015 оноос хойш олон улсын түвшинд ялагдах байтугай үнэлгээ алдаагүй байдаг.
29 настай домогт жүдоч Будокан ордонд тав дараалсан ялалтын дараагаар олимпын хошой аварга гэх ховор бөгөөд хүндтэй амжилтын эзэн болж одоо цаг үед барилдаж буй хамгийн шилдэг жүдоч гэдгээ батлан харууллаа. (Францын алдарт Тедди Ринер саяхан ялагдал хүлээсэн)
Хэрэв та бүхэн санаж буй бол Риогийн олимпын дараа хоёр жил дарааллан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг их сургуульдаа суралцаж боловсролдоо анхаарал хандуулахын тулд өнжиж байсан. Оролцсон бол түрүүлэх нь тодорхой байсан гэгддэг хоёр тэмцээний өнжсөн хэдий ч аль хэдийнээ гурван удаагийн дэлхийн аварга болчихсон нэгэн.
Тэрээр 2020 оны эхэн үеэс хойш ямар нэгэн тэмцээнд оролцоогүй тул чансаа доогуур бичигдэж олимпын сугалаанд хэсэг ахлалгүй шидэгдэж аль нэг хэсэгт орох нь тодорхой байсан. Харин энэхүү нөхцөл байдал нь Рустам Оружовт хамгийн муугаар нөлөөлсөн бөгөөд шөвгийн наймын барилдаанд хоёр Ваза Ари үнэлгээ алдсанаар олимпод хоёр дахиа финалдах мөрөөдөл нь талаар болсон.
Шөвгийн дөрвийн барилдаанд манай улсын тамирчин Ц.Цогтбаатарыг нэмэлт цагт Ваза-Ари үнэлгээгээр буулган авсан тэрээр сүүлчийн барилдаанаа олимп дэлхийн аварга Гүржийн бөх Лаша Шавдатуашвилигийн эсрэг хийхээр болсон. Тус барилдаан тун хүнд болсон бөгөөд Сасаэ Цурикоми Аши буюу зайлж хавирах мэхээр нэмэлт цагт өрсөлдөгчөө буулган авсан.
Барилдааны дараах ярилцагандаа тэрээр “Нуулгүй хэлэхэд нэмэлт цагт орох үед надад бага зэргийн айдас төрж байсан” гэж хэлсэн байна. Мөн түүний бусдаас ялгарах онцлог нь хэзээ ч татами дээр баяраа тэмдэглэдэггүй бөгөөд ямар ч сэтгэл хөдлөлөө бусдад харуулдаггүй зан чанар нь юм. Үүнийхээ талаар “Миний өмнө хэн нэгэн ялагдаад зогсож байхад би яаж баяраа тэмдэглэж зүрхлэх вэ дээ” хэмээж байв.
Түүний тэмцээн өнөөдрөөр дуусаагүй бөгөөд олимпын найм дахь өдөр холимог багийн барилдаанд тэрээр эх орноо төлөөлөн дахин татами дээр гарна. Медаль хүртсэнийхээ дараа талаар “Би аль хэдийнээ багийн барилдааны талаар бодоод эхэлчихсэн байна. Би одоо тайвширч болохгүй, би хамгийн сайнаараа барилдаж Япон улсад оноо авч ирэх ёстой” гэж хэлсэн.
Б.Жаргал