Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа 2016 оны Рио Де Жанейрогийн олимпын нээлтийн үйл ажиллагааны үеэр үндэснийхээ хувцас болох таОвалаг өмсөж биеэ тослон цээж нүцгэн улсынхаа тугийг барин жагсаж орж ирсэн үйлдэл нь дэлхий даяар үзэгчдийн анхаарлыг ихэд татсан.
ТПита Тауфатофуа 1983 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Австралид төрсөн хэдий ч Тонга улсад өсөж торнисон. Таван наснаасаа эхлэн таеквондогийн спортоор хичээллэж эхэлсэн тэрээр 2016 онд анхны олимпын наадамдаа оролцож, нээлтийн үйл ажиллагааны үеэр олны танил болсон. Гэвч эхний тойрогтоо Ираны тамирчинд илт давуу ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Мөн UNICEF-ийн ажилтан бөгөөд бүтэн цагаар орон гэргүй хүмүүст зориулсан сайн дурын үйл ажиллагаануудтай хамтарч ажилладаг байна. Тэрээр хүүхэд байх үедээ хар салхинаас болж Тонга улс дахь орон гэрээ алдаж, хүндхэн амьдралыг туулсан.
Анхны олимпдоо оролцсоныхоо дараа тэрбээр өвлийн олимпод оролцох зорилго тавин цанын спортоор хичээллэж эхэлсэн. 2017 он эхлэхтэй зэрэгцэн хувиараа бичлэг үзэн цанын спортын бүх техникүүдийг судалж эхэлсэн бөгөөд ердөө ганцхан жилийн дотор шаардлагатай бүх зүйлийг судалж мэдсэн түүнд жинхэнэ цасан дээр сурсан бүхнээ туршиж үзэх, цаашлаад олимпын эрх авах гэсэн том даалгаврууд үлдээд байв. Цаг хугацаа маш давчуу үлдсэн байсан тул Мексик болон Чили улсын тамирчдын хамтаар Австри улсад бэлтгэлийн байр түрээслэн эрчимжүүлсэн бэлтгэлээ эхлүүлсэн. Олимпын эрхийг авах хамгийн сүүлчийн боломжит тэмцээн нь тус оныхоо нэгдүгээр сарын 20-нд Исланд улсад зохиогдсон бөгөөд оролцохоор явах замдаа цасан нурангинаас болж өвлийн олимпод оролцох боломжоо алдах дөхсөн хэдий ч амжилттай уралдсанаар Тонга улсыг төлөөлөн өвлийн олимпод оролцох түүхэн дэх хоёр дахь тамирчнаар тодорсон.
Хоёрхон жилийн хугацаанд аливаа нэг спортоор шинээр хичээллэн эхэлж олимпод оролцох хэмжээнд очин гэдэг бүх тамирчдын хийгээд байх зүйл биш. Тауфатофуа тус үйл хэргийг маш амжилттай бодит болгосноос гадна 2018 оны өвлийн олимпын нээлтийн үйл ажиллагаан дээр Тонга улсын цор ганц төлөөлөл байсан тул дахин нэг удаа эх орныхоо тугчийн үүргийг гүйцэтгэсэн. Өвлийн улирал байсан тул зохион байгуулагчдын зүгээс түүнийг цээж нүцгэн нээлтэд оролцохыг нь хориглож байсан хэдий ч тэрээр урьдын адилаар биеэ тослон таОвала өмсөж дээгүүрээ хувцас өмсөлгүй жагсан орж ирсэн.
Тэрээр дахин нэг сонирхолтой зүйл сэдсэн байсан нь 2020 оны олимпын наадамд таеквондогийн спортоос гадна каноэ буюу сэлүүрт завины төрлөөр оролцох зорилго тавин бэлтгэж эхэлсэн. Гэвч түүний оролдлого тус удаад бүтэлгүйтэж Токиогийн олимпод зөвхөн 2020 оны эхэнд эрхээ аваад байсан таеквондогийн +80кг ангилалд оролцохоор болсон.
Түүний хувьд Токиогийн олимпын нээлтэд уламжлал ёсоор Тонга улсын тугийг барьсаар дахин нэг удаа олимпын нээлтэд тэрээр оролцсон бөгөөд маргааш буюу долдугаар сарын 27-ны өдөр тулалдана.
Б.Жаргал