Токио 2020 зуны олимпийн наадмын нээлтийн ёслолыг шууд дамжуулсан БНСУ-ын "MBC" телевиз орон орны шигшээ багийг танилцуулах үедээ тухайн улсын онцлогийг илэрхийлсэн нь шүүмжлэл дагуулж байна.
Монголын шигшээ багийг олимпын нээлт болсон цэнгэлдэх хүрээлэн орж ирэхэд Чингис хааны зураг, Английн багийг танилцуулахдаа Хатан хааны хөргийг хавсаргасан юм. Хамгийн онцгүй нь Италийг орж ирэхэд пицца, Украиныг цөмийн дэлбэрэлт болсон Чернобылийн станцын зураг, Норвегийн тамирчдыг гарч ирэхэд салмон загас, Хайти улсын багийг жагсаж орж ирэхэд бослого үймээний зургийг үзүүлсэн нь асуудал дагуулж байна. Энэ үйлдэлдээ тус телевиз уучлал хүсч, зохисгүй үйлдэл гаргасан ажилтнууддаа арга хэмжээ авахаар болжээ.