“Токио-2020” зуны олимпын наадмын ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлөн оролцож, Монголын багийн анхны хожлыг авсан Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Тэр Монголын олимпын багийн хамгийн залуу оролцогч юм.
-“Токио-2020" олимпын наадмыг ямартаа ч нэг хожилтой өндөрлүүллээ. Та анхны олимпоо ямар дурсамжтай үдэж байна вэ?
-Миний хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлж, олимпын эрхээ аваад туйлын их баярласан. Олимп бол тамирчин хүний мөрөөдөл болсон том талбар гэж боддог. Олимпын анхны тоглолтоо хийхэд өндөр хариуцлага оногдож байгаа ухамсарлаж үүрэг хариуцлагаа алдахгүйг хичээн Монголын ширээний теннисний гэр бүлийнхэн болон Монголын олимпын багийнхаа анхны хожлыг авсан нь нэр төрийн хэрэг байлаа. Дасгалжуулагч маань “Хожих, хожигдох талаар бодолгүй, өөртөө итгэлтэй байгаарай” гэж зөвлөсөн болохоор сэтгэл зүйн хувьд тоглолоо.
-Олимпын нээлтийн парадад алхах ямар санагдав?
-Би их азтай хүн юм. Дэлхийн болон Монголынхоо шилдэг тамирчидтай олимпын нээлтэнд хамт мөр зэрэгцэн алхдаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрлөө.
-Олимпын эхний тоглолтын талаар юу хэлэх вэ?
-Миний эхний өрсөлдөгч Тунисын тамирчин дэлхийн чансааны 203 дугаар байрт жагсдаг мундаг тоглогч. Би энэ чансааны 506 дугаарт бичигддэг. Тэр надаас чансаа өндөр, туршлагаар илүү тамирчин болохоор үүрэг хариуцлага алдахгүйг их хичээж, анхны хожлоо авсандаа баяртай байна.
-Монголчууд таниар бахархаж байна. 18-хан насандаа олимпын наадамд оролцохдоо Монголын ширээний теннисний анхны хожлыг авсан болохоор. Танд хэлсэн хамгийн сайхан урмын үг юу байв?
-Тамирчин хүн ард түмнийхээ урмын үгэнд хүч ордог юм байна. Энэ дашрамд “Монголчууд минь баг тамирчидаа цаг ямагт дэмжиж, урмын сайхан үгээрээ сэтгэл зүйд нь дэм өгөөрэй” гэж хэлэхийг хүсч байна. Миний хувьд шигшээ 64-өөс хасагдсан ч монголчуудынхаа хэлсэн олон сайхан урмын үгэнд сэтгэл санаа сэргэж байна.
-Японд байх хугацаандаа ямар тэмцээн уралдаан үзэх бодолтой байгаа вэ?
-Цар тахлын нөхцөл байдалтай уялдан спортын бусад тэмцээн уралдааныг үзэх боломжгүй болсон болохоор ширээний теннисээ үзэж тэднээс туршлага хуримтуулах бодолтой байгаа.
-“Токио-2020” олимпын наадмын буудлага спортын төрөлд оролцож буй О.Есүгэн та хоёр хамаатан гэв үү?
-Бид хамаатан гэдгээ сая л мэдлээ. Бүр ойрын хамаатан юм билээ. Хамт олимпод оролцож байгаадаа баяртай байна.
-Олимпын дараах зорилго тань юу вэ?
-Бэлтгэлээ улам эрчимтэй хийж, Монголын багийн ранкыг ахиулах бодолтой байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)