“Токио-2020” олимпийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эх орноо төлөөлөн шигшээ багийн гарааны үндсэн бүрэлдэхүүнээс Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан билээ. Тэгвэл шигшээ багийн тоглогч Б.Болор-Эрдэнэ сэтгэгдлээ илэрхийллээ.
Анх удаагаа олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт шүү, зурагтаа үзээд дэмжээд сууна аа. Олимпийн том дэвжээнээс бэргэлгүй чаддаг бүхнээ гаргаарай. Баяр хөөр, жаргал зовлон бүх л цаг хугацаанд хамтдаа байсан та нарыгаа амжилт гаргана гэж хамгийн ихээр итгэж байна.
Мөн 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, анхны эмэгтэй мэргэжлийн UB Amazons клубыг үүсгэн байгуулж, бэлтгэл сургуулилт хийх боломжийг бүрдүүлж, өдийг хүртэлх ялагдал бүхэнтэй минь хамт байж итгэлээ алдалгүй үргэлж дэмжсэн болохоор энэ том амжилтыг гаргахад чухал нөлөө үзүүлсэн ивээн тэтгэгч нартаа чин сэтгэлээсээ талархалаа илэрхийлье.
Миний хувьд олимпийн шигшээ багт дуудагдсан эхний өдрөөсөө эхлэн бэлтгэлдээ 100% оролцож хүч хөдөлмөр, сэтгэл зүрх,өөртөө байгаа бүхнээ бүрэн зориулсан гэж бодож байна. Өндөр ачаалалтай бэлтгэл, сэтгэл зүйн уналт, хэцүү бүхнийг даваад гарсан өөрөөрөө бага ч гэсэн бахархсан.
Олимпийн бэлтгэл дуусахаас өмнө хамраа гэмтээсэн боловч цаг алдалгүй эмчлүүлж, нүүрний хамгаалалтын баг хийлгэн, тоглох боломжыг бүрэн хангасан.
Энэ хүртэлх хугацаанд хийсэн бэлтгэлжилт, өөрийн ур чадвар, хуримтлуулсан туршлага, арга барилаа олимпийн дэвжээнд гаргахад би эрүүл мэнд, сэтгэл зүй гэх мэт бүхий л зүйлээрээ бэлэн байсан.
Сэтгэгдэл (4)