Шведийн нийслэл Стокхолмд жил бүр болдог Нобелийн долоо хоног эхэллээ. Энэхүү үйл явдал физиологи, анагаах ухааны шагналтнуудыг зарласнаар эхэлдэг ба энэ удаад гепатит С вирусийг нээснийхээ төлөө АНУ-ын эрдэмтэн Харви Олтер, Чарльз Райс, Британийн судлаач Майкл Хоутон нар хүртэхээр болсон юм.
Өнөөдөр Нобелийн физик, маргааш хими, пүрэв гарагт утга зохиолын салбар зөвлөлийн шийдвэрийг зарлах юм. Мөн ирэх баасан гаригт Норвегийн нийслэл Ослод Энхтайваны шагнал хүртэх эрхмийг тодруулна.
Шагнал гардуулах ёслол тогтсон ёсоор ирэх арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн бизнес эрхлэгч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр болдог. Энэ жилийн хувьд шагналын хэмжээ нэг саяар нэмэгдэж, 10 сая крон буюу одоогийн ханшаар 1.11 сая ам. доллар болжээ.