“Эко Соёл” сан, “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” ТББ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран “Хөвсгөл нуур-Хамгаалал” сэдвээр олон талт хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Хэлэлцүүлгээр Хөвсгөл нуурын эко систем, нуур хамгаалал, нутгийн иргэдийн эрхтэй холбоотой тулгарч буй бэрхшээл, гарц шийдлийг олон талын оролцоотой хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, уриалгыг олон нийт, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Хэлэлцүүлэгт ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, МУИС, МБОИЗ, АЖХ, УЦУОШГ, Азийн Хөгжлийн Банкны Усны чанарын хяналтын төсөл зэрэг байгууллагын мэргэжилтэн, судлаач эрдэмтэд, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захиргаа, нутгийн иргэдийн төлөөлөл оролцох юм.
Хэлэлцүүлгээр Хөвсгөл нуур, түүний байгаль экологид гарч байгаа өөрчлөлт, тухайн бүс нутгийн уугуул иргэдийн эрх ашиг, хамгаалал, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар
- “Хөвсгөл далай ээж нийгэмлэг”-ийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа,
- АХБ-ны “Хөвсгөл нуурын усны чанар хяналтын хөтөлбөр” төслийн удирдагч, экологи, байгаль хамгааллын судлаач О.Батгэрэл,
- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга А.Амартүвшин зэрэг судлаач, иргэдийн төлөөлөл илтгэл тавина.
Мөн өнгөрсөн долдугаар сард Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар ажилласан зарим сэтгүүлчийн “Хөвсгөл нуур-Хамгаалал” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг дэлгэнэ.
Монгол орны цэнгэг усны 7О хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 2 хувийг агуулсан Хөвсгөл нуур, түүнийг эзэмшиж, ашиглахтай холбоотой асуудал нь Монгол улсын, цаашлаад дэлхий нийтийн асуудал билээ. Тиймээс тус асуудалд олон нийтийн эрх ашгийн төлөө, ёс зүйтэй, тэнцвэртэй, шинжлэх ухаанчаар хандах нь хэлэлцүүлэг зохион байгуулагчдын баримтлах үндсэн зарчим гэдгийг онцлов.
“Эко соёл” сан 2019 онд зарим ТББ-тай хамтран Хөвсгөл нуурыг хамгаалах “Далай Ээж” олон улсын төслөө эхэлж, соёлын болоод бусад үйл ажиллагааг Улаанбаатар хот, Хөвсгөл аймагт зохион байгуулжээ. Энэ төсөл хоёр дахь жилдээ үргэлжилж байна. “Хөвсгөл нуур хамгаалал” хэлэлцүүлэг өнөөдөр 09-14 цагт “Бишрэлт” зочид буудалд болох юм.